Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон аймаг дахь БОЭТ дэлхийн жишигт ойртохуйц шинэчилсэн зохион байгуулалтанд орлоо

Б.Ану
2014 оны 7 сарын 25
iKon.MN

Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг орон нутгийн хэмжээнд анх удаагаа дэлхийн жишигт ойртохуйц шинэчилсэн зохион байгуулалтанд орсон талаарх таатай мэдээлэл ирлээ. 

Тодруулбал, энэхүү Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ) улсын клиникийн эмнэлгүүдтэй адилтгахуйц шинэчлэсэн зохион байгуулалтанд орж энэ сарын 23-ны өдөр тасагтаа нээлтээ хийсэн байна. 

Аймгийн хөрөнгө оруулалтаар сарын хугацаанд их засвар хийн байрлал болон бүтцээ нэмэгдүүлэн, шинэчлэн өөрчлөлт хийсэн. "Орхон аймгийн хэмжээнд хамгийн онцгой бүс болох БОЭТ-д 190 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан тухай" АЗДТГ-н дарга В.Сумьяасүх нээлтний үер хэллээ. 

Иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эрэмбэлэн ангилах, ажиглалтын, амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ үзүүлэх өрөөг ашиглалтанд оруулжээ. Ингэснээр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харгалзан тусламж үйлчилгээ үзүүлэх, бусад тасаг нэгж оргүй үед хэвтэн эмчлүүлэх боломжтой болов. "Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань ард иргэддээ тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, өөрийн ур чадвараа бүрэн дайчилж ажиллахыг" БОЭТ-ийн захирал Ч. Цэрэндагва сануулав. 

Эмчлүүлэгчийн ар гэрийн хүмүүсийн ая тухтай байдлыг хангах хүлээлгийн болон ариун цэврийн өрөө шинээр хийжээ. Өвчтөний биеийн байдал хүндэрсэн, онош тодорхойгүй үед хотын дадлага туршлагатай эмч нараас шууд зөвлөгөө авах сургалтын өрөөг мөн ашиглалтанд оруулав. 

Мөн гемодиализ буюу цус цэвэршүүлэх аппарат хоёрыг шинээр авч дөрвөн аппарат ажиллаж эхэлжээ. "Засвар хийгээд бүтцээ өөрчлөсөн нь бидний хувьд үйлчлүүлэхэд сэтгэл ханамжтай, ая тухтай байгаа тухай" иргэн Ц.Хорол өгүүллээ

ЯТЭЭМТ-ийн яаралтай тусламжийн хэсгийн эрэмбэлэн ангилах өрөө
ЯТЭЭМТ-ийн коридор (өөрчлөлт)
ЯТЭЭМТ-ийн гадна талын үүдний хэсэг (өөрчлөлт)