Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгоно

С.Болд-Эрдэнэ
2014 оны 7 сарын 25
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх бэлтгэлийг холбогдох байгууллагууд хангаж байгаа аж.

Тухайлбал урт нэртэй хуулийн хамрах хилийн бүсийг тогтоох, Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зэрэг ажил хийгдсэний дараа лицензийг шинээр олгож эхлэх юм байна.

Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн хэмжээг гаргасан байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.6 сая га бөгөөд  35.4% нь ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай аж.

Харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хориглох гэж байгаа талбай 63.5%-ийг эзэлж байгаа юм байна. Хууль, тогтоомжоор хязгаарласан болон БОНХЯ-аас хориглох гэж буй талбайнууд өөр хоорондоо давхацдаг бөгөөд нутаг дэвсгэрийн 64.6%-ийг хамардаг ажээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож болох талбайг дээр дурдсан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 27.7% байна.

Үүнээс сонгон шалгаруулалтын талбай 11.34 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 7.2% бол өргөдлөөр олгох талбай 32.08 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 20.5%-ийг эзэлж байна хэмээн Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Долдугаар сарын хоёрны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 7.7% буюу 12.1 сая га талбайг хамарсан 2608 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс хайгуулын 1469 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 7.1%-ийг хамарч байгаа бол ашиглалтын 1337 тусгай зөвшөөрөл нутаг дэвсгэрийн 0.6%-ийг хамарч байгаа аж.

Мөн Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах дугаарыг цахим хэлбэрээр тараах бөгөөд энэ ондоо багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажиллагааг цахимжуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Зураг