Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

“УЛС ТӨРД ШИНЭ ОД” төслийг танилцууллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ ОД” зорилтот ТВ-ийн төслийг хэрэгжүүлж эхэллээ.

“Багаар ажиллах чадвартай, санаачлагатай, эрч хүчтэй залуучуудыг нээн харуулснаар улс төрд шинэ од төрнө гэсэн санаагаар төслөө “Улс төрд шинэ од” гэж нэрлэсэн. Оролцогчдын хувьд эх орноо, хүрээлэн байгаа орчноо  хэрхэн хөжүүлэх талаарх санаа бодлоо уралдуулах бөгөөд гадаадад ажиллаж байгаа мундаг залуус маань идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаа” хэмээн төслийн удирдагч Ж.Баяр хэллээ.

Уг төслийг  UBS телевизээс санаачлан EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй  хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

 “УЛС ТӨРД ШИНЭ ОД” зорилтот ТВ-ийн төсөлд Монгол Улсын 22-40 насны иргэд оролцох бөгөөд гадаадад оршин суудаг манай иргэд ч оролцох боломжтой юм байна.

Бүртгэл энэ сарын 27-оос ulsturdshineod.mn сайтаар эхлэх юм байна.

Төслийн үе шат

Нэгдүгээр шатанд “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА”сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эссэ бичнэ.

Төсөлд оролцогчид 2014.08.21-ний өдрийн 18:00 цагаас өмнө оролцогчийн анкет бөглөн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА”сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж төслийн багт цахим болон шуудангаар ирүүлнэ.

Цахим бүртгэл: оролцогчийн анкет, 500 хүртэлх үгтэй эссэний хамт burtgel@ulsturdshineod.mn хаяг руу илгээнэ.

Цаасан бүртгэл: оролцогчийн анкет, 500 хүртэлх үгтэй бичсэн эссэний хамт “УЛС ТӨРД ШИНЭ ОД төсөл, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, UBS телевиз, Монгол шуудан Ш/Хайрцаг 505” гэсэн хаягаар ирүүлнэ.

Оролцогчийн бүртгэлийн хуудас, эссэ хэрхэн бичих тодруулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.ulsturdshineod.mn болон www.ubs.mn цахим хуудсаар зочилж үзнэ үү. Оролцогчдын эссэг мэргэжлийн шүүгчдийн баг нэг бүрчлэн хэлэлцэж, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн эсэхийг төслийн албан ёсны цахим хуудсаар зарлана.

Бичлэгийн ур чадвар, шинэ санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэрхэн хангах төсөөлөл гэсэн гурван үндсэн шалгуураар исээг дүгнэнэ. 

Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчдод  дараах гэрийн даалгаврыг өгнө.

  • Оролцогч оршин суугаа орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулж, /иргэдийн нийтийн хурал, иргэний танхим/ хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгасан байх
  • Өөрийн санаачилсан төслийг дэмжсэн тухайн орон нутагт оршин суугаа 50-100 хүний гарын үсгийг цуглуулсан байх
  • Сум, аймгийн ирээдүйн хөгжлийн талаарх исээ /эссэ/-гээ бодит төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр болгон танилцуулга бэлдсэн байх

Эхний шатанд шалгарсан оролцогч зохион байгуулагчдын албан ёсны цахим хуудас болон UBS телевизийн эфирээр товлон зарласан хугацаанд тус тусын аймагтаа хүрэлцэн ирж, зохион байгуулагчдын өгсөн “Гэрийн даалгавар”-ын гүйцэтгэлээр дараагийн шатанд шалгаран үлдэнэ.

Гуравдугаар шатанд шалгарсан оролцогчид ярилцлаганд орно.

Оролцогчид орон нутгаа хөгжлүүлэх төлөвлөгөөгөө 5-7 минутанд багтаан танилцуулж, тодруулга ярилцлаганд орно.

Шагналын сан

  • Төсөлд оролцсон нийт залууст батламж олгоно.
  • Аймаг, дүүргийн 2 дугаар шатанд шалгарсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
  • Төслийн 3 дугаар шат буюу шилдэг 90 оролцогч “Удирдлагын академи”-ийн мэргэшүүлэх хөтөлбөрт суралцана.
  • Шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх 1 сарын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцана.
  • Төслөөс шалгарсан шилдэг багийн бүрэлдэхүүн АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцоно.
  • Төслийн шилдгийн шилдэг нэг оролцогч, төрийн удирдлагын чиглэлээрх Дэлхийн шилдэг сургуульд /Harvard, Yale, Stanford болон бусад.... / тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.