Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Зэрлэг олсны ургамал түүх нь хар тамхины хэргийн 50 хувийг эзэлдэг

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Манай улсад хар тамхины төрлийн зэрлэг олсны ургамал ургадаг нь залуус хар тамхины гэмт хэрэгт татагдан орох шалтгаан болсоор байна.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас каннабисын төрлийн энэ ургамлыг устгах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгаа талаар ЗБГХМХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

-Хар тамхины төрлийн ургамлыг залуус түүж хэрэглэх, худалдаалан хуулийн хариуцлага хүлээсээр байна. Харин цагдаагийн байгууллагаас каннабисын төрлийн ургамлыг устгах ажлыг зохион байгуулах болсон. Устгалын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жилээс хар тамхины төрлийн ургамлыг устгах арга хэмжээг эхлүүлсэн. Өнгөрсөн жил бид өөрсдийн нөөц бололцоогоор тодорхой хэмжээний газрыг сонгон авч устгал хийсэн.

Харин энэ жил Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд бидний өмнөх ажлыг үр дүнтэй байна гэж үзээд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсний дагуу бид саяхан Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймагт дахин устгал явууллаа.

-Монголд зэрлэг олсны ургамлын тархац ямар байдаг вэ?

-Зэрлэг олсны ургамал бол нэг наст ургамал. Маш олон үр цацчихаад үхжихдэг. Үр нь эргээд салхинд туугдаж ургасаар тархац нь нэмэгдэх хандлагатай болсон. Одоогоор улсын хэмжээнд 10 мянга орчим га талбайд ургадаг гэсэн судалгаа бий. Үүнээс идэвхтэй нь 4000 орчим га, түүж хэрэглэж болзошгүй нь 2000 га талбай байдаг.

Хар тамхины төрлийн гэмт хэргүүдийг судлаад үзэхээр нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь Монголд ургадаг зэрлэг олсны ургамал буюу каннабисын төрлийн ургамлыг түүж бэлтгэн хэрэглэх, худалдах гэмт хэрэг зонхилж байна.

-Устгал өмнөх жилээс үр дүнтэй байж чадав уу. Ийм хэмжээний талбай эзэлсэн ургамлыг бүрэн устгаж чадах уу?

-Өнгөрсөн жил зөвхөн цагдаагийн байгууллагын дотоод хүчээр хийсэн. Энэ жилийн хувьд онцгой байдал, хилийн цэрэг, мэргэжлийн хяналтын албаны хүмүүстэй хамтран ажиллалаа. Өмнө нь бид зэрлэг олсны ургамлыг гараар түүж устгадаг байсан бол энэ удаа техникийн хүч ашигласан.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар энэ төрлийн ургамлыг тухайн газар оронд тодорхой жилүүдэд үр дүнтэй устгал хийж чадвал 20-30 жил ургадаггүй гэдэг. Тиймээс ойрын 2-3 жилийн хугацаанд устгалыг эрчимтэй явуулбал үр дүнд хүрэх байх. Ирэх жил энэ ажлаа илүү чанаржуулаад дэлхий дахинд ашиглагдаж байгаа сүүлийн үеийн техник технологитой хослуулах хэрэгтэй байгаа юм. Бид 10 хүний хүчээр тодорхой хэмжээний га газар устгаж чадаж байна.

Харин техникийн хүчээр түүнээс илүү талбайг устгаж чадна. Энэ бол бид өөрсдийнхөө төлөө биш, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа ажил. Учир нь каннабисын төрлийн ургамлыг олон улсад мансууруулах төрлийн бодисыг өндөр хэмжээгээр агуулсан ургамал мөн гээд заачихсан. Гэхдээ зарим улсад зөвшөөрсөн гэх хүмүүс байгаа байх.

АНУ-д яагаад энэ ургамлыг хэрэглэхийг зөвшөөрснийг судлахаар хэрэглэгчдээ дийлэхээ байгаад ийм аргыг сонгосон байдаг. Тэнд 10 хүний хоёр нь хэрэглэдэг болчихсон. Сүүлдээ тэднийг хяналтдаа авахын тулд ийм хувилбар сонгосон байдаг.

-Ургамлыг устгахад төсөв хөрөнгө дутагдалтай гэж сонссон. Алба хаагчид гараараа устгана гэхээр эрүүл мэндэд нь хортой биз?

-Мэдээж хүмүүс ажиллаж байгаа болохоор зардал их. Эрүүл мэндийн хувьд ч сөрөг үр дагавартай. Ургамлыг гараараа түүж, шатаахад удаан хугацаагаар ажиллахаар толгой нь өвдөх, мансуурах, дотор муухайрах, харшилтай болох хүндрэл ажиглагдсан.

Гэвч хар тамхины төрлийн ургамлыг устгахад зарцуулна гэсэн тусгай төсөв байдаггүй. Энэ жилийн хувьд Хууль зүйн яамнаас тодорхой хэмжээний хөрөнгө шийдэж өгснөөр үр дүнтэй ажилласан.

-Зэрлэг олсны ургамал ихэвчлэн хойд чиглэлийн аймгуудад ургадаг бололтой. ОХУ энэ төрлийн ургамлыг устгах ажлыг эрчимжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр тэндхийн наймаачид манайд хандах эрсдэлтэй юу?

-ОХУ-ын Засгийн газар энэ жилээс хар тамхитай тэмцэх чиглэлээр Сибирь, Буриадын нутагт ургаж байгаа каннабисын төрлийн ургамлыг устгах арга хэмжээ аваад эхэлсэн. Бид ч тэдэнтэй зэрэгцээд энэ ажлыг эхлүүлэх ёстой. Сонирхуулж нэг зүйл хэлэхэд, Монгол Улсын хилээс 200 орчим км-т Буриадын нэгэн тосгон байдаг. Тэнд үйлдвэр, газар тариалан зэрэг ямар ч бизнес байдаггүй.

Тосгоныхон зөвхөн каннабисын ургамлыг бэлтгэж худалдаалж амьдардаг. ОХУ-ын Засгийн газар тэдний бизнесийг таслахаар авч байгаа арга хэмжээ нь тэр. Тэгэхээр тэдний бизнес тасраад ирэхээр магадгүй Монголд хар тамхины ургамал чөлөөтэй ургаж байдгийг сонсоод хилийн наанаас түүж мэднэ. Орон нутагт түүж борлуулаад байгаа манайхан ч энэ бизнест оролцож болзошгүй байгаа юм. 

Хүүхэд залуустаа захихад зэрлэг олсны ургамлыг түүхгүй, худалдахгүй байхыг зөвлөж байна. Ийм хэрэгт холбогдвол олон жилийн хорих ял авч амьдралдаа хар толбо үлдээдгийг санаарай. 

Зураг