Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөөгийн замууд там болж хувирлаа

Н.Пунцагболд
2014 оны 7 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотод сүүлийн хоёр жилд багагүй бүтээн байгуулалт өрнөж, зам талбай овоо “царай ороод” байгаа. Хоёр жилийн дотор цөөнгүй хэдэн уулзварыг янзалж, машин битгий хэл мотоцикл зэрэгцэж явж багтахааргүй шахуу байсан нарийн замууд өргөн болж байна.  

Сайхан л хэрэг. Ерөөс Монголд явж байгаа машины 70 орчим хувь нь Улаанбаатар хотод хөлхөлдөж байхад замаа засахгүй гээд яах юм билээ. 

Гэхдээ манайхан хөдөөгийнхөө замыг засахаа таг мартаад хэдэн жил болчихлоо.  Засахаа мартсан гэдгийг анхаараарай. Шинээр бол олон км зам тавьсан. 3, 4 аймгийг засмал замаар холбочихсон. Баянхонгор, Сүхбаатар, Дундговь, Замын-Үүд гээд л.  Ерөнхийдөө бүх чиглэлд зам тавьж байна.

Харин шинэ зам барихад хөрөнгө мөнгөө зарж байх зуур хуучин замууд нь эвдрээд дууслаа. За хуучин гэлтгүй шинээр барьсан замууд нь ч эвдэрч байгаа. Ядаж байхад энэ зун бороо хур элбэгтэй юмсанж.

Манайхан замаа муу тавьдаг болохоор жаахан бороонд л эвдрээд, цөмрөөд, зарим нь бүр урсаад явчихаж байна. Ядаж байхад манай улсын өнцөг булан бүрт том, жижиг уурхайнууд байх. Тиймдээ ч дөрвөн зүг, найман зовхис руу том техникүүд зөөнө. Хэчнээн 10, 100 тоннын даацтай машинаар “цаас” шиг нимгэн зам дээгүүр явахаар өм цөм явалгүй яах вэ дээ, хөөрхий. 

Хотынхоо замыг сайхан болгохын хажуугаар хөдөөгийнхөө замыг ч гэсэн жаахан анхаарч, арчилж, тордож, харж хандаж баймаар байна.

Бүр тэр дундаас баруун бүсийн гол зам болсон Өвөрхангай аймаг болон Хархорин сум руу явдаг засмал үнэхээр там болж хувирсаныг энд онцлох нь зөв байх. Ихэнх машинууд Мянганы замаар л баруун тийшээ явж байгаа. Гэхдээ Өвөрхангай, Баянхонгор явж байгаа хүмүүс бол зайлшгүй л урд замаар нь явж байгаа юм.  Томхон жийптэй нөхдүүд бол саатахгүй давхиад л явчих байх.  Харин жижиг тэрэгтэй хүмүүс тэр замаар явахын эцэс алга.

Энэ хавар хааж бариад сүр болоод байсан чинь хэдхэн нүх л нөхсөн юм билээ.  Бусад нь яг хэвээрээ.  Баруун тийшээ явж байгаа иргэд машинаа эвдээд, эсвэл өөрсдөө элэг, бөөрнийхөө байрыг солихоос өөр аргагүй байх. Уг нь Монгол орны баруун бүсэд аялал жуулчлал хөгжиж байгаа газрууд олон бий.  Хархорин хот, Эрдэнэзуу хийд, цаашлаад Орхоны хүрхрээ гээд л. 

Тэндээс цаашлаад Баянхонгор, Завхан тийш зүглэвэл үзэсгэлэнт газар, үзэх юм их. Жуулчдын хамгийн их зорьдог газрууд баруун аймгуудад л байна. Гэтэл зам нь гэж там. Толийсон замаар нэг ч овогнохгүй давхидаг гадаадын иргэд хэр баргийн машинтай явсан ч гэсэн дахиж Монголд ирэхийг хүсэхээргүй болтол нь сэгсчүүлэхээр болчихсон.  

Ийм байвал яаж манайд жуулчин ирж, улс орон орлого олох вэ дээ.  Зөвхөн жуулчдаа бодоход л ийм байна. За тэгээд зуны дэлгэр цагаар хөдөө орон нутаг руу явдаг, төрөл төрөгсдөө зорьдог иргэдэд ч гэсэн хохиролтой болж байна. Хот хоорондын нийтийн тээврийн зорчих цаг ч удааширч эхэллээ. 

Гэх мэтээр тоочоод байвал замгүй болж байгаагийн зовлон их байна шүү. Зам эвдэрч байгаагийн хамгийн гол буруутан нь барьж байгаа компани нь байж таарна. Ямар ч чанаргүй заманцар барьчихна. Өнөөх зам дээр нь хүнд даацийн машинууд явна. Яг газар гэсэх цагаар л уурхайн техникүүд яваад, өмлөж цөмлөөд байгаа юм.

Түүний дараа бороо орж нэмэр болно. Ингээд л замгүй болоод байна. Нэгэнт манайхан уурхайн техникийг замаар явахыг хянаж чадахгүйгээс хойш чанартай л зам тавьчих хэрэгтэй байгаа юм. 

Тэгэхгүй бол баруун бүсийн зам “будаа” боллоо. Бусад бүсийн замууд ч гэсэн эвдэрч эхэлж байна. Дараа жил гэхэд шинэ замууд нь там болоод, энд тэндээ өмөрч, цөмөрч, онгойгоод байж байхыг үгүй гэх газар алга.  Хотынхоо замыг сайхан болгохын хажуугаар хөдөөгийнхөө замыг ч гэсэн жаахан анхаарч, арчилж, тордож, харж хандаж баймаар байна.

Уг нь хэчнээн зуун тонн хүнд даацийн машин явсан эвдрэхээргүй зам тавьчихдаг бол ингээд гонгиноод сууж байхгүй л дээ. Даанч тийм зам барихыг хүсэхгүй байгаагаас хойно ядаж л ойр ойрхон нөхөж, харж хандаж баймаар л байна.

Зураг