Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч падааны хэрэгт 4000 компани холбогдоод байна

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 7 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсад ажил үйлчилгээ эрхэлж ашиг олж буй хэн боловч улсад тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй.

Гэвч 2012 он хүртэл НӨАТ -ын падаанаар татвараа төлж байсан тохиолдол бараг байдаггүй байжээ. Учир нь манайхан НӨАТ-ын падааныг хуурамчаар үйлдээд татвараас зугатах явдал газар авчээ.

2013 оны эхнээс цагдаагийн байгууллагаас Татварын ерөнхий газартай хамтран шалгалт явуулж эхэлснээр хоёр жил дамнан үргэлжилж буй олон мянган холбогдогчтой хэргийн сэжүүр эхэлжээ. Ажлын хэсгийн эхний шалгалтаар 1800 компани хууль зөрчин хуурамч падаан худалдан авсан нь тогтоогджээ.

Үүнээс 30-40 нь баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гол хэрэгтнүүд байж. Харин он гарсаар холбогчид 4000-д хүрч, гол буруутнууд нь 100 гаруй компани байгаа аж.

Эдгээр компанийн цаад эзэд нь нас барсан эсвэл өндөр настан, хөдөө орон нутгийн иргэдийн нэр дээр хэдхэн сарын настай компани байгуулж хуурамч падаан үйлдээд бусдад зарж борлуулдаг байна.

Ийм үйлдэлтэй зарим хэрэг прокурорт шилжиж, зарим нь тэндээсээ шүүхэд шилжжээ. Прокурорын байгууллагаас эхний ээлжинд НӨAT-ын падаан хуурамчаар үйлдсэн 100 гаруй компанийн эздэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн үзэж буй юм байн​а. Одоогоор хэрэг шийдвэрлэхэд Татварын ерөнхий газрын улсын байцаагчдын дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ.

Харин тэдний падааныг санаатай, санамсаргүй авсан нь 3000 гаруй компанийн эзэд хохирлоо нөхөн төлчихвөл хуулийн хариуцлага хүлээлгэхгүй юм.

Одоогоор 16 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлээд байгаа бөгөөд нийт хохирол нь 80 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Мөн энэ хэрэгт холбогдогчид шинээр нэмэгдсээр байгааг албаныхан онцолж байна.

Шинэ холбогдогчдын үйлдэл ихэвчлэн 2012 оноос өмнөх үетэй холбогдож байгаа бөгөөд шалгалтын ажил эхэлснээс хойш үйлдсэн хэргүүд буурчээ.

Зураг