Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Судан эмэгтэй аврагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN

Христ шашинтай хүнтэй гэр бүл болсныхоо төлөө дүүжлүүлэх ял Шариатын шүүхээс аваад байсан Суданы иргэн Мэриам Яхиа Ибрахим Ишаг өчигдөр Италид дүрвэн иржээ.

Италид буулаа

Судан дахь АНУ-ын элчинд хоргодож байсан түүнийг Италийн засгийн газрын онгоцоор Италид гэр бүлийнх нь хамт авчирчээ. Түүнтэй хамт Италийн гадаад хэргийн дэд сайд хамт ирсэн байна.

Үхлийн ял авсныхаа дараа тэр хүүхэдтэйгээ шоронд хоригдож байсан юм. Мөн шоронд байхдаа хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.

Шариатын шүүхээс түүний хүүхдийг хоёр нас хүртэл нь цаазийг нь хойшлуулаад байсан ч олон улсын хамтын нийгэмлэгийн шахалт шаардлагаар өнгөрсөн зургаан сард суллагдсан юм.

Харин бичиг баримтын асуудлаас болоод одоо болтол Суданаас гарч чадахгүй байсан. Энэ хооронд Судан дахь исламын Хамза бүлэг түүнийг болон түүнд тусалсан бүгдийг алахаар заналхийлж байсан тул Хартум дахь АНУ-ын элчин сайдын яаманд хоргодож байлаа.

Мэриамыг Италид ирснийх нь дараа Ромын Пап хүлээн авч уулзаж итгэл үнэмшилдээ үнэнч байсанд нь талархал илэрхийлжээ.

Хэдийгээр гэр бүлийн хамт аврагдсан ч Мэриам төрөлх Судан орноо орхин явж байгаадаа гунигтай байснаа хэвлэлд ярьсан байна.

Ромын Паптай уулзаж байгаа нь

Ийнхүү нэгэн гэр бүл шашны хэт хатуу дэглэмийн золиос болохоос аврагдлаа.