Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зэрэглэл буурсан нь гадныхан итгэл алдарсны жишээ гэв

Д.Оюун
2014 оны 7 сарын 23
Зууны мэдээ

Гадныхан манай улсын зээлжих зэрэглэлийг буурсан тухай мэдээлсэн. Үүний шалтгаан нь Монгол Улсын гадаад хөрвөх чадвар муудсан, гадаад валютын албан нөөц буурсан нь үндэслэл болсон гэжээ.

Ийнхүү манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь мөлхөж буй эдийн засгийг элгээр нь хэвтүүлж буйг эдийн засагчид хэлж байна. Инфляц 14.6 хувьд хүрсэн, валютын ханш аль хэдийнэ 1850.гараад талийсан энэ үед валютын урсгалыг нэмэх дорвитой алхам хийх хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн хэлдэг.

Харин үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэх хэрэгтэй хэмээн судлаачид хэлж байв. Энэ талаар МУИС-ийн багш, доктор Л.Оюун, “Карьер майнинг” компанийн ерөнхий захирал Ж.Баяраа, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нарын байр суурийг сонирхлоо.

Л.Оюун: ЭДИЙН ЗАСАГТ ХҮНД ЦОХИЛТ БОЛЖ БАЙНА

-Дотоодын зах зээлд нөлөөлөх нөлөө байхгүй. Харин гадны компаниуд манай улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах боломж хумигдана гэсэн үг. Энэ нь эдийн засаг болон бизнест хортой. Гадныхан бидэнд итгэх итгэл алдарсны нэг тод жишээ.

Мэдээж зээлжих зэрэглэл буурна гэдэд нь сайн үзүүлэлт биш. Аливаа эдийн засгийн арга хэмжээ өргөс авч байгаатай адил байхгүй. Валютын ханш чангарч байгаа нь гаднаас урсгал орж ирэхгүй байгаатай холбоотой. Энэ нь эдийн засагт хүчтэй нөлөөлдөг гэдгийг бид мэднэ. Уг нь гарах арга зам байх ёстой. Гэтэл төдийлөн харагдаж өгөхгүй байгаа нь харамсалтай. Эдийн засгаа сэргээхэд экспорт чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гэтэл бид экспортод уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдээ гаргаж байсан учраас ирээдүйтэй харагдахгүй байгаа юм. Уул уурхай, гадны хөрөнгө оруулалт нөлөөлнө. Гэтэл ийм эгзэгтэй үед зээлжих зэрэглэл буурсан гэсэн дүгнэлт гарсан нь том цохилт болж байна.

Х.Алтай: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ СУЛРАХ НЬ АЮУЛТАЙ

-Гадны хөрөнгө оруулалт сул байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл үүн дээр дахин сулрах нь. Энэ бол аюултай. Зээлжих зэрэглэл гэдэг нь улсыг тольдох ганц боломж юм. Тэгэхээр сүүлийн үед манай улсын зэрэглэл нэлээд буураад байгаа шүү дээ. Энэ.нь хөрөнгө оруулагчид манайд итгэх итгэлгүй болж байгаа хэрэг. Мэдээж өөрийн хөрөнгөө өгөхөөс өмнө тэд манай улсын зэрэглэлийг хардаг.

Яг энэ үед манай улсаас бонд гаргавал өмнөх шигээ өндөр өртөгөөр гарч чадахгүй болж байна. Учир нь бид эрсдэл өндөртэй улс орны тоонд багтаж байгаа юм. Эдийн засгаа сайжруулахын тулд бид хууль эрхзүйн орчноо сайжруулаад явж байна.

Гэхдээ хууль баталснаар өргөс авсан мэт сайжрахгүй. Хамгийн гол нь бид урт Удаан хугацаанд бодлогоо тогтвортой байлгана, тоглоомын дүрмээ өөрчлөхгүй гэдэг мэдээллийг тараах хэрэгтэй. Энэ хэрээр тогтвортой байх ёстой. Үүний эцэст цаг хугацаа бүх зүйлийг харуулна.

Миний харж байгаагаар эдийн засгийн толь нь Оюутолгой, Тавантолгой төслүүд юм. Тиймээс үүнд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Ж.Баяраа: ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУД БИДНИЙГ ТООХГҮЙ БОЛЖ БАЙНА

-Үүн шиг харамсалтай юм байхгүй. Энэ бол дэлхийн тэрбумтангууд биднийг тоож харьцахгүй болж байгаа гэсэн үг. Уучлаарай, Монгол Улстай ч, улсгүй ч дэлхийн бизнес явна, хөгжинө гэдгийг л харуулж байгаа юм. Бид өөрсдийгөө хэт дээгүүр тавиад байсан үе бий. Хөл доорхоо харахгүй хэт сээхэлзвэл юунд хүрч болохыг тод томруун харуулж өгч байна.

Миний бодлоор 2010 оны үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуульд хориг тавьж зогсоож байсан. Энэ захирамж өнөөгийн үүсч байгаа нөхцлийн эхний алхам байсан. Ингэж орвонгоор нь эргүүлсэн. Төрийг удирдахдаа шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Шинжлэх ухааны институттай байх хэрэгтэй гэж хэлээд байгаагийн учир энэ. Түүнээс хэн нэгний толгойд зурвас орж ирсэн бодлыг тогтоол, захирамж болгоод уншиж болохгүй шүү дээ.

Зураг