Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрхэмбаяр аварга төрөлх сумынхаа 90 жилийн ойд зодоглоно

ikon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN

Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 90 жилийн ой ирэх сарын 1, 2-нд болно. Мандалчууд төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойг угтаж бүтээн байгуулалтыг өргөнөөр өрнүүлж байна.

Тухайлбал, сумын хэмжээнд нийт 16 км замыг засч сайжруулснаас гадна дөрвөн км замын гэрэлтүүлгийг сольж шинэчлээд байна.

Мөн иргэдийнхээ чөлөөт цагийг өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гурван хэсэг газарт 11 мянга гаруй мод бут суулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

Түүнчлэн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор сумын нэгдсэн эмнэлэгт өргөтгөл хийж буйн барилгын явц 50 хувьтай байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхээр “Нархан” цэцэрлэгийн барилгыг өргөтгөх ажлыг мөн эхлүүлээд байгаа аж.

Мандалчууд ойгоо угтан наадмын талбайгаа шинэчлэн тохижуулсны зэрэгцээ хүүхэд залуучуудын соёл, спортын цогцолбор төв байгуулах ажлыг ч хэдийнэ эхлүүлжээ.

Ойн баярын үеэр уламжлал ёсоор эрийн гурван наадам болох бөгөөд нутгийн хүү, хүчит бөх Г.Эрхэмбаяр аварга эл наадамд зодоглох гэнэ.