Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн түшээд хаагуур явна вэ

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 23
Өдрийн шуудан

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хагас сарын илүү өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна.

Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

Б.НАРАНХҮҮ: ЯПОНД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙНА
 
Төрөлх сумынхаа 90 жилийн ойд оролцсон. Одоо бол Японд Ерөнхийлөгчтэй хамт явж байна. Өнөөдөр /өчигдөр/ Монгол - Японы эдийн засгийн форумд оролцлоо.

С.БАЯРЦОГТ: БАРУУН БҮРЭН БОЛОН МАНДАЛ СУМЫН ОЙД ОРОЛЦОХООР ЯВНА
 
-Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт наадсан. Маргааш Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн болон Мандал сумын ойд уригдсан тул явна. Улсын баяр наадмын дараа аймгийнхаа Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг болон Ерөө сумын ойд оролцсон.

С.ЭРДЭНЭ: АРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАН СУМЫН ОЙД ОРОЛЦОНО
 
-Амар ч чадаагүй л байна. Одоо ч яаман дээрээ ажлаа хийж байна. Маргааш Архангай аймгийн Хайрхан сумын ойд явна. Наймдугаар сарын 1-н гээд Улаанбаатарт ирчихсэн байна. Засгийн газрын хуралдаан энэ сарын 28- нд Хөвсгөлд хуралдахаар товлогдсон нь цуцлагдаж, Улаанбаатарт хуралдахаар болсон.

Л.БОЛД: ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧ ОЛОНТОЙ, АМРАХ ЗАВГҮЙ
 
-Гадаадын зочид төлөөлөгчид олонтой учир амрах завгүй л байна. Маргааш /өнөөдөр/ Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийг хүлээн авна. Энэ мэт ажлаас шалтгаалаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалд яваагүй.
 

Ц.ЦОЛМОН: ЭРХҮҮД АЖИЛЛАХААР ЯВЛАА

-Би яг одоо Эрхүү явж байна. Байнгын хорооны ажлын дагуу ОХУ-ын Эрхүү хотод ажиллаж байгаа Монголын Консулын газрын үйл ажиллагаатай танилцахаар Ц.Оюунбаатар гишүүний хамт явж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотод наадсан.

С.ОДОНТУЯА: ТӨВ АЙМАГТ СУВИЛУУЛЖ БАЙНА
 
-Би Төв аймагт рашаан сувилалд амарч эмчлүүлж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотноо наадсан. Түүний дараа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа. Өнгөрсөн тавдугаар сард тойргийнхоо бүх хорооны сонгогчидтой уулзсан учир сая цөөн тооны хүмүүсийн санал хүсэлтийг сонслоо.

Зураг