Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчид эх орноороо бахархахыг уриаллаа

Б. Ганаа, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 23
Өдрийн шуудан
Зураг зураг

Хүмүүс амарч албан байгууллагууд эл хульхан энэ үед хамгийн идэвхтэй ажиллаж байгаа газар Монголын сурагчдын холбоо байна.

Энгэр дээрээ эх орныхоо төрийн далбааг урласан ногоон, шар өнгийн цамцаар жигдэрсэн хүүхдүүд өчигдөр МУБИС-ийн ойролцоо явж байхтай тааралдав.

Тэд нүхэн гарцаар явж буй хүмүүст эх орныхоо түүх соёлын талаар ярьж өгөхөөс гадна Төрийн дууллаа хамтдаа дуулж байв. Учрыг нь лавлахад гудамжаар явж байгаа хүмүүст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой итгэл тавьж буйгаа сонирхуулсан. Олон нийт рүү чиглэсэн иймэрхүү арга хэмжээ үе үе зохион байгуулдгаа сурагчид хэлж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт автобусаар зорчсон хүмүүстэй Чингис хаан хийгээд эх орныхоо өв соёлын талаар мэдээлэл хуваалцжээ. Бид Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолборын 11 дүгээр ангийн сурагч Б.Солонготой уулзлаа.

-Танай холбооныхон ямар ажил зохион байгуулдаг вэ?

-Монголын сурагчдын холбоо хүүхдийг төлөвшүүлэх зорилготой. Манай холбоонд нийт 6000 гаруй хүүхэд гишүүнээр элссэн байдаг. Өнөөдөр /өчигдөр/ бид илтгэх урлагийн хичээлээр хүмүүст монгол бахархал төрүүлэх үүднээс эх орныхоо талаар итгэл тавилаа.

-Хүмүүст зориулсан итгэл тавих нь ямар ач холбогдолтой вэ?

-Идэвхтэн гишүүдийг нийгэм рүү хандсан үйл ажиллагаа зохион байгуулж сургахад тус дөхөмтэй. Нөгөө талаар хүүхдүүд олон нийтийн дунд орж илтгэл тавьж сурснаар нүүр хагарна, хүмүүсийн өмнө зөв ярьж сурна. Бид өмнө нь автобусаар зорчиж байсан хүмүүст эх орноо хайрлах сэдвээр илтгэл тавьж сонирхуулсан.

-Танай холбооны хүүхдүүд хэр төлөвшдөг вэ?

-Бие дааж сурдаг. Олон нийтэд хандсан ажлуудыг гардаж зохион байгуулахад суралцдаг. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахад манай холбооны зүгээс сурагчдад зааж зааварласан зүйлүүд их дэмжлэг болдог юм билээ.

-Та бүхэн зуныхаа амралтыг хэрхэн өнгөрөөж байна?

-Холбооноос зохион байгуулж байгаа ажлуудад оролцохын зэрэгцээ илтгэх урлагт суралцаж байгаа.

Зураг