Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Билэгтийг өршөөж, Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ял оноолоо

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүх дээр хаалттай үргэлжилсний эцэст оройн 19:00 цагт шийдвэрээ гаргажээ.

Шүүх хурлаар Ц.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар буруутгаж шүүсэн байна.

Ингэхдээ 263.2-д заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангиар 5.1 жил хорих ял оноожээ.

Үүнээс гурван жилийг өршөөлийн хуулинд хамруулан хэрэгсэхгүй болгож УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр болсон байна.

Харин Т.Билэгтийг мөн 263.2, 150.3 дугаар зүйл ангиудаар буруутгаж, 263.2 заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 150.3 дугаар зүйл ангийг өршөөлийн хуульд хамруулан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ хэрэгт холбогдсон Ц.Чанцал, Г.Маналжав нарын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35.6 дугаар зүйл ангиар журамлаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийн тухайд

Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, “Хар дун” ХХК-ийн өмчид шилжүүлсэн. 

Мөн нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Г.Маналжавтай хамтран, дүү Б.Чанцалдаа 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр хувьчилж, нийслэлийн өмчид их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан билээ. 

Т.Билэгтийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар “Медиа холдинг” компанид Д.Чулуунбаатарын нэрээр хувьчилж, улмаар “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгасан юм.



Хуулийн заалтын тайлбар

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

35 дугаар зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцогч

35.6.Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ.