Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны дэд өртөөний хамгаалалтын бүсэд барилга барьжээ

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 7 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Шинэ зуун” хотхоны 24-ийн В,Г байрны иргэд нар үзэхээргүй болжээ.

Учир нь тус байрны нарыг хааж  16 давхар барилга сүндэрлэж байгаа юм. Мөн хамгийн гол нь 18 дугаар байрыг бүхэлд нь цахилгаанаар хангадаг дэд өртөөний хаалганаас метр хүрэхгүй зайд тулган барилгын ажлаа эхлүүлжээ.

Уг нь цахилгааны дэд өртөөнөөс хааш хаашаа 20 метрийн зай нь хамгаалалтын бүс байдаг юм байна. Хэрэв барилгын ажлын улмаас ямар нэг гэмтэл гарвал БЗД-ийн 18 дугаар хороо бүхэлдээ тоггүй болно.Тус барилгын эзэн “Ачлал трейд” компани анх барилга барихдаа хүүхдийн хавдрын эмнэлэг барина хэмээн зөвшөөрөл авсан байна. Гэвч сүүлдээ орон сууц болгон өөрчилсөн бөгөөд шинээр баригдаж байгаа барилга  24 дүгээр байрнаас тав хүрэхгүй метрийн зайтай байгаа юм.

“Ачлал трейд” компанийнхан шинэ барилга босгохдоо 24 дүгээр байрны гаражийн хөрснөөс ухсаны улмаас тус барилгад цууралт үүсчээ. “Оршин суугчид барилгын ажлыг эсэргүүцэхэд том биетэй хамгаалалтын залуус ойртуулахгүй зоддог. Бас барилга дээр ажилладаг хятадууд хажуу талынхаа байр руу ил задгай бие засч, хог, хоолны шавхруугаа асгадаг.

Мөнгөтэй хүн хаа дуртай газраа юу ч хийж болдог юм байна” хэмээн 24 дүгээр байрны оршин суугч н.Цэнгэл ярьсан юм. Харин тус компанийн ажилчид тайлбар өгөхөөс татгалзав.

Есөн давхар байрны нарыг хааж 16 давхар барилга сүндэрлүүлж байгааг оршин суугчид удаа дараа эсэргүүцэн гарын үсэг цуглуулж Хотын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар гээд хандаагүй байгууллага  байхгүй гэнэ.

Мэргэжлийн хяналтын байцаагчид барилгыг ирж үзээд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан ч гурав хоногийг дараа барилгын ажил үргэлжилжээ. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газраас цахилгааныг нь гурван хоног хязгаарлахаас өөр арга хэмжээ авдаггүй гэсэн тайлбар өгсөн байна. Тус компани 16 давхар барилгынхаа хоёр талд найм, долоон давхар барилга барихаар зэхэж байгаа гэнэ.

Барилга хоорондын зай 50 метр байна. Оршин суугчдын 70-аас илүү хувь нь зөвшөөрсөн тохиолдолд барилга барьж болно гэсэн журмыг зөрчиж байгаа энэхүү барилгын үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн оршин суугчдын  гарын үсэгтэй өргөдөл Хотын даргын ширээн дээр очоод удаж байна.

Харин 24 дүгээр байрны оршин суугчид судалж үзнэ гэсэн хотын даргын үгэнд итгэн хүлээсээр. Мэргэжлийн хяналт, Ерөнхий төлөвлөгөөний газар нь шийдэж хүчрэхгүй байгаа энэ барилгын асуудал Хотын даргын үзэгний хошуугаар шийдэгдэх юм. 

Зураг