Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

У.Гэрэлт-Од: Манай хүүхдүүд ур чадвараар ямар ч улсын тамирчдаас дутахгүй юм билээ

Н.Пунцагболд
2014 оны 7 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон өсвөрийн тамирчид АНУ-ын Клевлэнд хотноо болдог “Continental Cup” Олон Улсын залуучуудын спортын наадамд оролцож, охидын 13 хүртэлх насны баг хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид болон  ССАЖЯ-ны албаны хүмүүс тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээж авч, дурсгалын зүйл гардууллаа. Энэ үеэр багийн дасгалжуулагч, 52 дугаар сургуулийн биеийн тамирын багш У.Гэрэлт-Одтой ярилцсан юм.

-АНУ-д тэмцээнд оролцоод ирсэн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг байв?

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч мэдээж АНУ-ын баг байсан. Өөр олон хүчтэй өрсөлдөгч байсан л даа. Гэхдээ  эзэн орны баг арай л өөр юм билээ.

-13 насны ангилалд хүрэл медаль хүртсэн. Тэмцээний талаар яривал?

-13 болон 15 насны ангилалд долоо долоон охин авч явсан.  13 насны ангилалд өрсөлдсөн охид маань гуравдугаар байрт орсон. Харин 15 насны ангилалд өрсөлдсөн охид маань долдугаар байрт шалгарсан. Бид бэлтгэлээ сургууль дээрээ базаасан. Манай 52 дугаар сургуулийн захирал байр, талбай гаргаж өгч, хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг байрлуулж байсан. Мөн Хан-Уул дүүргийн спорт хорооны н.Гантөмөр багш бидэнд том заал гаргаж өгч тусалсан. 

-Цааш цаашдаа энэ мэт олон улсын тэмцээнд оролцоход юуг анхаармаар юм шиг санагдав?

-Энэ удаагийн тэмцээнээс авсан туршлага гэвэл бэлтгэлдээ их гарах ёстой юм билээ. Мөн тэмцээн зохион байгуулж байгаа газрынхаа дүрмийг сайн судлах ёстой. Мөн сэтгэл зүйн сургалт сайн хиймээр санагдсан. Хүүхдүүдийг сэтгэлзүйгээр сайн өргөж өгч, бэлтгэхгүй бол болохгүй юм билээ. 

Түүнээс биш ур чадвараар манай хүүхдүүд нэг их дутаагүй. Адилхан л тоглоод, өрсөлдөөд ирсэн. Ганц гэм нь сэтгэлзүй л жаахан дутмаг байлаа. Хэдэн оноогоор тасраад, хожигдоод ирэхээрээ шууд сэтгэлээр унаад, тэр чигээрээ сэргэж өгөхгүй байсан. Эхний хоёр тоглолт дээр ийм дутагдал гарсан учраас хожигдсон. Тиймдээ ч эхний хоёр тоглолтын үеэр энэ бүхнийг ажиглаад, хүүхдүүддээ хэлсэн. Охидууд маань ч тэр бүхнийг сайн хүлээж авч, засарч, сүүлийн гурван тоглолтдоо хожсон.  

-Аваргын төлөө тоглох боломжтой байсан гэсэн?

-Уг нь бидэнд аваргын төлөө тоглох болсон гэж зохион байгуулагчдын зүгээс хэлсэн. Бид ч тэгж бодож байсан юм. Гэтэл санаанд оромгүй зүйл болж, Америкийн багийг өөр нэг баг хожсоноор бөмбөг тоолох болсон. Тэгээд +4 бөмбөгний зөрүүгээр манай баг гуравдугаар байрт шалгарсан. 

-Дүрэм нь өөр байсан гэсэн. Юугаараа өөр байсан юм бэ?

-Монголд бол нэг үе нь хамгийн ихдээ найман минут л тоглодог байсан. Тэгээд ч хүүхдийн тэмцээнд бол их минутаар тоглодоггүй. Гэтэл тэнд шууд нэг үе нь 16 минутаар тоглоно. Ганцхан завсарлага авах эрхтэй.  Энэ хэд маань тэгж удаан тоглож байгаагүй болохоор 16 минут гүйхээр их ядраад байгаа юм чинь. 

Тийм болохоор завсарлагаа хэрэгтэй үедээ авахгүй, амраахын тулд авч байсан. Тэгэхээр багийн тактикт өөрчлөлт гарсан. Бид энд дөрвөн минутаар дөрвөн үе тоглодогоороо л бэлтгээд байсан. Очсон чинь 16 минутаар хоёр үе тоглож байгаа юм чинь.  

-Тамирчдын тоо цөөдсөн байх. Сэлгээний тамирчингүй шахам явсан юм байна шүү дээ?

-Яг тийм, сэлгээ цөөдсөн.  Олон минут тоглоод тамирчид маань ядрахаар сэлгээд оруулчих хүүхэд байхгүй. Сэлгээнд хоёрхон хүүхэд сууж байгаа юм чинь. Нөгөө хоёроороо сэлгэнэ, гэсэн ч хэцүү байсан. Дараа дараагийн тэмцээнд оролцохдоо сэлгээнд олон хүүхэд авч явахгүй бол хэцүү юм билээ. Доод тал нь 15 хүүхэдтэй явахгүй бол хэцүү л дээ. 

-Америкийн тамирчид нуруугаар манай хүүхдүүдээс хамаагүй өндөр үү?

-13 настай хүүхдүүд маань нуруугаар нэг их намхан байгаагүй ээ. Манай охидууд чинь өндөртөө л ордог шүү дээ. Харин 15, 18 насанд бол нуруу яах аргагүй намдсан. Америк хүүхдүүд хамаагүй өндөр байсан. Тэгээд ч чадвар нь өндөр. Мэргэжлийн тамирчин шиг л болчихсон байдаг юм билээ.  

-Энэ удаагийн тэмцээнд явсан хүүхдүүдийг яаж сонгосон бэ?

-U15, U13 тэмцээнээс шилж авсан юм. Тэр дунд манай 52 дугаар сургуулиас таван хүүхэд сонгогдоод Америк явсан. Мөн хөдөө орон нутгаас нэлээд хэдэн хүүхэд явсан.  

-Мэдээж сагсан бөмбөг өндөр хөгжсөн оронд очиж тэмцээнд оролцсон юм чинь суралцах зүйл зөндөө байсан байлгүй?

-Зөндөө байлгүй яах вэ. Ганхуяг багштай ярилцаад, Америкийн талын хүмүүстэй ярилцаад, сургалтад хамрагдахыг хүссэн. Харин тэд сарын бэлтгэлд хамрагдвал дасгалжуулалтын тал дээр их зүйл сурна гэж байсан. Дараа боломжтой бол ирж суралцаарай л гэж байна билээ.  Нэлээд олон багштай ярьсан. Англи хэлгүй болохоор сайн ярилцаж, ойлголцож чадахгүй байсан. Энэ жилээс англи хэлээ сайжруулна гэж л бодож байгаа шүү дээ. 

-Ойрын хугацаанд оролцохоор бэлтгэж байгаа тэмцээн байгаа юу?

-Энэ багаараа сайн бэлтгэж байгаад дараа жил дахиж явна гэж бодож байгаа. Хөдөө орон нутагт байдаг хүүхдүүд маань хотод ирэхэд жаахан хэцүү байна. Энэ тэмцээнд оролцохын өмнө дөрөвдүгээр сард бэлтгэлдээ гарахаар төлөвлөж байсан юм. Гэтэл хүүхдүүдийн шалгалт эхэлчихсэн. 

Дээрээс нь хөдөө байдаг хүүхдүүд хотод ирээд хаана байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гэх мэт асуудлаас болж хойшилсоор байгаад тавдугаар сарын 15-наас сургууль дээрээ байрлуулаад бэлтгэлдээ гарсан. Хэрвээ жаахан эртхэн гарсан бол илүү амжилттай тоглож болох л байлаа. 

Зураг