Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Арнольд Шварценеггер: Үхэн үхтлээ энэ салбартаа зүтгэнэ

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Оддын цаг” булангаараа Арнольд Шварценеггерийн дэлгэсэн сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Австри гаралтай Америкийн кино жүжигчин, улс төрч, бизнесмэн болон мэргэжлийн бодибилдингийн тамирчин энэ эрийг танихгүй, мэдэхгүй хүн ховор.  

Тэрбээр 1947 оны долдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд 2003 онд Калифорнийн 38 дахь амбан захирагчийн сонгуульд ялж, 2003-2011 хооронд тус мужийн захирагчийн албыг хашиж байсан юм.

-“Lionsgate” студийн бү­тээсэн “Булш” кинонд герман хэлээр ярьж байхыг чинь анх удаагаа сонслоо. Холливудын кинон дээр германаар ярьсан анхны тохиолдол байх тийм үү?

-Тийм ээ. Энэ кинонд төрөлх хэлээрээ ярих нь миний санаа байсан юм. Миний бүтээсэн дүр болох Лот Мэйр шоронгийн харгалзагч нарын анхаарлыг татахын тулд галзуурсан мэт орилж, хашгирдаг. Энэ хүн эрүүл биш гэх сэтгэгдэлийг төрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэж бодсоны эцэст англи хэлээр биш, өөр хэлээр хашгирвал яах бол гэсэн бодол төрсөн. 

Тэгээд найруулагчтайгаа зөвлөлдсөн юм. Ер нь хэрвээ анзаарч харвал  Хофстрем найруулагчийн кинонд германаар ярьсан тохиолдол байхгүй. Энэ кино анхны тохиолдол болсон. Сонирхолтой юм билээ. Энэ дашрамд хэлэхэд намайг австралиас гаралтай гэдгийг та бүхэнд сануулах сайхан боломж болж байгаа юм. Мужийн захирагчийн албыг хүлээж авсаны дараа ч гэсэн намайг Америкт төрсөн гэж боддог хүмүүс олон байсан  шүү.    

-Юу ч бодолгүй инээмсэглэх таны нэг гэнэн цайлган ч юм шиг өвөрмөц дүр төрх байдаг. Тэр дүрийг бусад хүн ч гэсэн харах дуртай байдаг болов уу?

-Алиа хошин дүр төрх миний уран бүтээлд маш чухал. Хоёр цаг дүнсийгээд л, хошин өнгө аясгүй үргэлжлээд л дуусчих кино хийхийг би хүсэхгүй байна.  Хямралтай, маш муу нөхцөлд  байсан ч түүнийг сонирхолтой болгох хэрэгтэй. Та нарыг “хөөх” гэж уулга алдахаар тийм л хэмжээний уран бүтээлийг хийхийг хүсдэг гэх үү дээ. 

-Таны инээмсэглэлийг харангуут л “тийм ээ энэ чинь л Шварценеггер шүү дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг?

-Тийм үү. Инээмсэглэл гэдэг чинь зөвхөн кинонд ч биш хувь хүн бүрт байх ёстой хамгийн чухал зүйл. Ямар ч хэцүү асуудалтай тулгарсан би юу ч бодолгүй зүгээр л инээмсэглэх дуртай. Тэр үед миний хамгийн том аврагч энэ болж хувирдаг юм. Тийм болохоор инээдмийн кинонд тоглох дуртай байдаг. Яг л “Kindergarten Cop” шиг. 

-Инээдмийн төрөл жанрын кинонд ч гэсэн таныг хармаар байна?

-Үнэндээ одоогийн байдлаар “Twins” киноныхоо дараагийн цувралыг хийхээр төлөвлөж байна. Энэ удаа мэдээж Дэнни Де Витотой хамтарч тоглох гэж байгаа. Мөн Эдди Мерфид санал тавихаар төлөвлөж байна. Бүгдээрээ л хошин шогийн маш нарийн мэдрэмжтэй хүмүүс.  Тоглосон инээдмийн кинонуудаараа олны анхаарлыг татаж хайрлагдаж чадсан жүжигчид шүү дээ. Бидний бүтээл дэлгэцнээ гарах тэр мөчийг хүлээж байгаарай. 

-Таны тоглосон бүтээлийг үзэхэд 66 настай гэхэд итгэмээргүй санагдсан. Тийм хэмжээний  адал явдалт  кинонд тоглоход ядрахгүй байна уу?

-Ядралт гэдэг бол зөвхөн хүний бодол, сэтгэлээс л гардаг зүйл гэж би боддог. Бие махбодь яаж ч ядарсан бай сэтгэлдээ огт ядрахгүй л байвал эрүүл саруул, дуртай ажлаа урамтай хийж чадна шүү дээ.

Миний хувьд зураг авалтын талбай хүүхэд байхдаа ордог байсан чихрийн дэлгүүртэй л адил санагддаг. Тэнд байхдаа би үргэлж догдолж байдаг болохоор ямар ч хүнд, хэцүү зураг авалт байсан ядардаггүй юм. 

-Мужийн захирагчийн ажлын нэг өдөр, жүжигчний нэг өдрийн ялгаа?

-Тэс өөр. Бүхэл өдрийн турш нэг сандал дээр суугаад байхаар чинь  ууц нуруугаар чилж өвдөөд л хэцүү шүү дээ. Харин зураг авалтын талбай дээр яагаад ч юм өвдөх зүйлгүй, харин ч бие хөнгөрөх шиг болдог. Хачин байна уу. Кино багийн хамт олон, жүжигчидтэйгээ ярьж хөөрөлдөх нь хөгжилтэй байхаас яахав. Үүр цайтал зураг авалттай байсныхаа дараа харих гээд машиндаа сууж байхдаа ч ахиад талбай руугаа буцдаг ч юм уу гэсэн бодол төрдөг. 

-Ер нь жүжигчид 60 гараад л кино урлагаас хөндийрч байх шиг. Харин таны хувьд?

-Энэ урлагийг орхино гэдэг миний хувьд амьдралынхаа утга учраас хагацаж буйтай адил зүйл. Яагаад вэ гэвэл миний амьдралын утга учир  кино урлагтай салшгүй холбоотой байдаг. Тиймээс үхэн үхтлээ энэ салбартаа зүтгэнэ гэж бодож байна. 

Зураг