Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Гандангийн дэнжийн гэр хорооллын эхний гудамжийг шинэчилж дууслаа

Б.Ану
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гандангийн дэнж, Орхоны 6-р гудамж төсөл хэрэгжиж дууссаны дараа,

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнжийн гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх бүтээн байгуулалтын ажлыг “Гудамж” төслөөс эхлүүлээд байгаа билээ. 

Өнөөдрийн байдлаар Орхоны 6-р гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. 

Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох талаар “Гудамж” төслийн холбогдох хүмүүс мэдээллээ. 

Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.

Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суухаас гадна 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.  

Нийслэл байгуулагдсан цагаас анхны төвлөрсөн суурьшлын бүс болж, олон зуун жилийн нүүр үзсэн ч өнөөдрийг хүртэл дэд бүтцийн хөгжлөөр хоцрогдсон Гандангийн дэнжийн гэр хорооллыг ийнхүү инженерийн нэгдсэн шугам сүлжээ, зам харгуйтай болгосноор оршин суугчдын өмчилж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсч, хотын I зэрэглэлийн бүсэд жинхэнэ утгаараа шилжих юм.

Түүнчлэн, тохилог амины орон сууцтай болох, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж нээгдэж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. 

Төсөлд хамрагдах боломж нь тухайн байршилд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарт нээлттэй бөгөөд гагцхүү газар болон үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай. 

Төслийн эдийн засгийн үр ашиг ямар байх нь иргэдийн оролцооноос түлхүү хамаарна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

Төсөлд хамрагдахын тулд айл өрхүүд өөрт ногдож буй шугам сүлжээний өртгийн тодорхой хувийг эргэн төлөх, түүнийг барьж байгуулахад шаардагдах өргөнтэй гудамж гаргахыг зөвшөөрч, гудамжаараа хүсэлтээ баталгаажуулан илэрхийлсэн байх, зураг төсөл боловсруулах, улмаар төслийг хэрэгжүүлэх хугацаанд хамтран ажиллаж, цаашдын үр нөлөөний судалгаанд идэвхтэй оролцогч байх шаардлагатай юм байна.

Учир нь барилга байгууламжийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн зам, галын аюулгүй байдлын стандарт талбайн хэмжээ нь 15 метрээс багагүй байхаар холбогдох хуульд заасан байдаг. 

Гэтэл Гандангийн дэнжийн гэр хорооллын ихэнх гудамж дээрх хэмжээнээс хэт нарийн, эмх замбараагүй барилгажсан байгаа юм. Тиймээс дэд бүтцийн ажил өрнүүлэхийн тулд оршин суугчид идэвх санаачилга гаргаж, өөрсдийн оролцоотойгоор хашаа хороогоо татах, төлөвлөлтийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай. 

Товчхондоо, уг төслийн эдийн засгийн үр ашиг ямар байх нь иргэдийн оролцооноос түлхүү хамаарна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.  

ӨМНӨ БА ДАРАА:

Гандангийн дэнж, Орхоны 6-р гудамж нь төсөл хэрэгжихээс өмнө ийм байжээ.
Гандангийн дэнж, Орхоны 6-р гудамж төсөл хэрэгжиж дууссаны дараа,