Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цементийн үнэ өсчээ

Н.Мичидмаа, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 22
Өдрийн шуудан

Зуны урин дулаан цагт амжиж байраа засах, дутуу орхисон орон сууцуудаа барих гээд нийслэлд бүтээн байгуулалт өрнөж байна.

Энэ жил ам.долларын ханш тэнгэрт хөөрөөд байгаа. Үүгээр шалтаглаад өргөн хэрэглээний барааны үнэ мэдэгдэхүйц өслөө. Барилгын материалын үнэ ч огцом  нэмэгдсэн талаар иргэд ярьж байв.

Цементийн голдуу урд хөршөөс оруулж ирдэг байсан бол Хөтөлд цементийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулснаар уг бүтээгдэхүүний үнийг буурч магадгүй гэсэн горьдлого иргэдийн дунд байсан юм.

Гэвч баяр наадмын дараа цементийн үнэ нэмэгджээ. Бид Зуун айлын барилгын материалын зах болон Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материалын бөөний төвөөр орлоо.

Л.Мандах: Манай Үйлдвэрийн цемент Үзэгдэхээ больсон

“Эрэл” компанийн цементыг худалддаг иргэн Л.Мандахтай уулзаж барилгын материалын үнэ сонирхсон юм.

-Баяр наадмаас хойш цементийн үнэ өссөн гэж иргэд яриад байгаа. Энэ үнэн болов уу?

-Зургадугаар сард 50 кг-ын ууттай цемент 8000-9000 төгрөг байсан. Харин баярын өмнө 10 мянга болж өссөн.

-Дотоодод үйлдвэрлэсэн цементийг зах зээлд худалдаалж байна уу?

-Ер нь дотоодын бүтээгдэхүүн байхгүй. Ирэхээ больсон. Бүгдийг Хятадаас оруулж ирж байгаа.

-Бусад материалын үнэ ямар байгаа вэ, цементийн үнэ л дангаараа өссөн юм уу?

-Хятадад үнэ нь нэмэгдчихээд байна. Бид дур мэдэн нэмж болохгүй шүү дээ. Цемент барилгын гол материал. Юанийн ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа болохоор бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна.

Б.Пүрэвдорж: Ирэх сард шуудай цемент 12 мянга болно

Үүний дараа бид Зуун айлын барилгын материалын бөөний төвөөр орсон юм. Цементийн бизнес эрхлэгч иргэн Б.Пүрэвдоржтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Танай бөөний төвүүдээр цемент ямар үнэтэй байна вэ?

-Нэг уут 11 мянган төгрөгийн үнэтэй байна. Бөөндөж авбал 10 мянган төгрөгөөр өгнө.

-Наадмаас өмнө хэдэн төгрөг байсан бэ?

-Уутаараа есөн мянган төгрөг. Тохиролцоод долоон мянгаар зарж байсан.

-Нэг шуудай цемент 50 кг байж чадах уу?

-Уг нь 50 кг гэж зардаг. Гэхдээ жигнээд үзэхэд 48 кг байдаг.

Зуун айлын барилгын материалын бөөний худалдааны ханш

  • Цемент(шуудайгаар, 50 кг)- 10 000

     
  • Шохой (кг) - 500
     
  • Элс (шуудайгаар)- 2 000
     
  • Хайрга (портер машинаар)- 60 000
     
  • Тоосго (ш)-энгийн - 330, даацын - 350, өнгөлгөө - 900
     
  • Төмөр (1метр)-3500 - 7000
     
  • Обой - 15000 - 28000 (солонгос обой)-45000
     
  • Хадаас (кг) - 2500
     
  • Шруф (хайрцаг) - 2500

Монголд  үйлдвэрлэгдэж байгаа барилгын материалууд ихэнхи хувь нь борлуулагдахаа больж Орос, Хятад улсын материалууд давамгайлах болсоноор валютын ханшаас хамааран үнэ хэлбэлзэж байгаа талаар барилгын материалын худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

Ирэх сараас шуудайн цементийн үнэ 12 мянган төгрөгт хүрэхийг бизнес эрхлэгчид ярьж байна.

Зураг