Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн зөвлөл байгуулж, төрөөс санхүүжүүлнэ

Д.Болормаа
2014 оны 7 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгуулагаас жил тутам гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс хагас эрх чөлөөт гэсэн ангилалд байсаар удав.  

2005 онд 55 дугаар байрт орж байсан бол 2014 онд 88 дугаар байрт ухарч, асуудалтай улс гэсэн  ангилалд багтсан юм. Шалтгаан нь ердөө сэтгүүлчээ шийтгэдэг, хэвлэн нийтлэх эрхийг  нь хясан боогдуулдаг, мэдээлэл авах эрх чөлөөгөөр нь хангадаггүйтэй холбоотой.

Сэтгүүлчиддээ халтай, хагас эрх чөлөөт Монгол хэмээх олон улсын тодорхойлолтоос гарахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьж байв. Гэвч тэрээр хэлэлцүүлгийн явцад гишүүд үндсэн үзэл санааг нь алдагдууллаа гэх шалтгаанаар эргүүлэн татсан. Харин саяхан Ерөнхийлөгчийн залгамж халаа болж УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-ын даргад өргөн барив.

Манай улсад 2013 оны дүнгээр нийт 135 сонин, 99 сэтгүүл, 166 телевиз, 84 радио, 68 цахим хэвлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа М.Батчимэг гишүүний санаачилсан төслийн онцлогийн хувьд хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт, бусад зүйл гэсэн зургаан бүлэг, 13 зүйлтэй. Ингэхдээ гурван зарчмын өөрчлөлтөд түлхүү анхаарчээ.

1.ХАРААТ БУС БАЙДАЛ

Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж ажиллана. Үүний зэрэгцээ редакц нь сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хангах, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг зохицуулахаар болсон байна.

Нийтлэл нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хуулийн төсөлд хоригложээ. Түүнээс гадна Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлахаас бусад тохиолдолд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулах, эзэмшихийг хоригложээ.

2.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА

Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ил тод, нээлттэй байх гэнэ. Мөн тэдгээрт өөрчлөлт орох бүрт олон нийтэд мэдээлэх үүргийг тусгажээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага төлбөртэй нэвтрүүлэгт ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг нийтлэх үүрэг хүлээх юм байна.

3.ХЭВЛЭЛ ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙНА

Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай байна. Энэ үүргийг үндэсний хэмжээнд нэг байх Хэвлэлийн зөвлөл гүйцэтгэх гэнэ. Хэвлэлийн зөвлөлийн гол чиг үүрэг нь мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах юм байна.

Энэ зөвлөлийн шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн татвар хандиваас бүрдүүлэх бол үлдсэн 40 хувийг төрөөс гаргахаар зохицуулжээ.

Зураг