Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЛГЭР ЖИШЭЭ: Нутгийн иргэд сумын төвөө тохижуулжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 8
iKon.MN

Дундговь аймгийн Гурвансайхан сум “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдаагүй ч сумын төвийн шинэчлэл, дэд бүтцийг сайжруулах ажлыг нутгийн иргэдийн оролцоо, олон улсын байгууллагуудын туслалцаатайгаар хэрэгжүүлжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард сумын төвийн хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөгөө гаргаж, газар чөлөөлөх, замын улаан шугам тавих ажлаа эхлүүлж байсан Гурвансайхан сумын төвд ногоон байгууламж бүхий  6 метрийн өргөнтэй 2,5 км хатуу хучилттай авто зам, 1,5 метрийн өргөнтэй явган хүний зам тавьж дууссан байна. 

“Цэцэрлэгжилт” компанийн мэргэжлийн туслалцаатайгаар нутгийн иргэд мод, бут сөөг тарьж, 6 га газрыг зүлэгжүүлжээ. Нарны зай хураагуур бүхий 86 ширхэг гэрэл замын дагуу байрлуулсан нь сумын гэрэлтүүлгийг бүрэн шийджээ.     

Зам дагуу 3,5 км бохир, 2,5 км цэвэр, 2 км дулааны шугам тавьжээ. Ингэснээр айлууд халаалт, цэвэр бохир усны сүлжээнд холбогдох боломж бүрджээ. 

Услалтын систем, усан сан зэрэг инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлыг хариуцаж байгаа Атмор компанийнхан  халаалт, усан хангамжинд зориулагдсан дулаалгатай полиэтилен уян хоолой тавьсан байна. 

Дундговь аймгийн Гурвансайхан сум

Энэхүү уян хоолой нь  Канад, Арктикт зэрэг газар хэрэглэдэг, -60 градусын хүйтэнд тэсвэртэй софтлайн технологи юм. Манай орны нөхцөлд газар дор 5-60 см-ийн гүнд хоолойг байрлуулж, 50 жил ашиглах боломжтой.

Гурвансайхан сумын төв 170 хашаатай. Бүх айл нэг загварын блокон суурьтай төмөр хашаатай болох ажлыг иргэд өөрсдөө хийж байгаа аж.  Зарим айл олон жил амьдарсан бууриа сэлгэж зам, талбай, ногоон байгууламжийн газрыг чөлөөлж өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү сумын төвийн шинэчлэлийн ажилтай танилцлаа. Тэрбээр хэлэхдээ, "Сумын төвийн айл өрх, албан байгууллагын халаалт дулааныг шийдэхийн тулд өөрийн хөрөнгөөр уурын зуух барих саналаа хувийн компани ирүүлсэн байна. Энэ бол нутаг орноо хөгжүүлэх, сумын төвд тав тухтай  аж төрөх нөхцлийг бүрдүүлэх хамгийн сайн санаачилга.

Сумын төвийн шинэчлэлийн ажилд иргэдийг оролцуулах, бага зардлаар чанартай ажил хийх загварыг Гурвансайхан сумынхан гаргаж чадсан байна. Иргэдийн оролцоо зүтгэл байвал сумын төвийн айл халаалттай байранд сууж, хотын иргэдээс ялгаагүй амьдарч болохын үлгэр жишээ болж байна" гэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Гурвансайхан сумын төвийн шинэчлэлийн ажилтай танилцлаа

Гурвансайхан сумын төвийн шинэчлэлийг хийх санхүүгийн эх үүсвэр олох зорилгоор “Хамтын хөрөнгө оруулалтын загвар” хөгжлийн түншүүдийн уулзалтыг тус суманд зохион байгуулж,

  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
  • Азийн хөгжлийн банк
  • Жайка
  • Койка
  • Мерси Кор
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
  • Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд АНУ, Канад, Франц, Япон, Солонгос, Австрали зэрэг орны төлөөлөгчид оролцсон байна.