Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өрийн тааз 70 хувь хүрвэл...

Д.Оюун
2014 оны 5 сарын 27
Зууны мэдээ

-Өрийн хязгаар 70 хувь SOS зарлаж байна-

Сүүлийн үед өрийн удирдлагын таазын талаар ярих боллоо. Хүмүүсийн ойлгож буйгаар тааз биш босго гэмээр. Гэтэл энэ нь манай улс ДНБ-ийнхээ хэдэн хувь хүртэл зээл авах боломжийг хэлж буй.

Монгол Улс өрийн удирдлагагүй, бодлогогүй, үр ашиггүй, хяналтгүй байгаа нь Үндэсний аюул­гүй байдалд заналхийлж байгааг ухаарах хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг. Харин энэхүү өрийн удирдлагыг Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуулийг баталж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. Гэтэл энэ заал­­тыг 70 хувь хүртэл нэ­мэх тухай ярьж байгаа юм.

Г.Баярсайхан: Өрийн удирдлагын таа­зыг 70 хувьд хүргэх хэ­рэг­тэй. Яагаад гэвэл улс хөгжихийн хэрээр хө­рөнгө хэрэгтэй болно.

Өдгөө өрийн удирд­лагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ. АН-ын зүгээс энэ хуулийг шинэч­лэн өрийн таазыг 70 хувьд хүргэх санал оруулж буй. Харин энэхүү саналыг МАН эсэргүүцэж байгаа билээ.

Энэ хуулийг шинэч­лэн батлах зайлшгүй шаардлага тулгарч бай­гааг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэл­сэн юм. Тэрээр “Өрийн удирдлагын таа­зыг 70 хувьд хүргэх хэ­рэг­тэй. Яагаад гэвэл улс хөгжихийн хэрээр хө­рөнгө хэрэгтэй болно. Тиймээс заавал 40 хувьтай байх ёстой гээд боогоод байж болохгүй. Эргэн төлөлтийн тухайд бүгдийг хяналттай зарцуулж эрсд­лээс хамгаалах ёстой” гэв.

НЭРЛЭСЭН ҮНЭ, ӨНӨӨГИЙН ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарчим нь Монгол Улсад зээлийн цонх нээх гарц олгодог. Цонх буюу зээ­лийн шугамыг 70 хувь хүр­тэл тэлж өгөх эрх зүйн орчныг Өрийн удирд­лагын хуулийн хү­рээнд нарийвчилсан зохи­цуу­лалтаар оруулах гэж байгаа аж.

Харин дээрх хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн юм. Өмнөх хуульд ДНБ-ий 40 хувь хүртэл өр тавьж болох тухай заалт орсон байдаг. 40 хувь гэдэг нь өнөөгийн үнэ цэнээр тооцох дүн юм. Тодруулбал, нэрлэсэн үнэ гэдэг нь тухайн нэг иргэний нэг сард авах цалин 350 мянган төгрөг. Харин тэрхүү мөнгөнөөс үнийн өсөлт болон инф­ляцийн хувийг хассан дүнг өнөөгийн үнэ цэнэ гэдэг.

УЛСЫН ӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Мөн улсын өр гэж юуг хэлэх вэ гэвэл 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д “Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, тө­рийн болон орон нут­гийн өмчит болон тэд­гээр өмч давамгайлсан хуу­лийн этгээдийн ирээ­дүйд эргэн төлөх үүрэг хү­­лээ­сэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүр­гийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийл­бэрийг хэлнэ хэмээн заажээ.

МАНАЙ УЛСЫН ӨР 80 ХУВЬД ХҮРСЭН ГЭВ ҮҮ

Тэгвэл эдийн засагч­дийн хэлж буйгаар энэ тодорхойлолтод багтсан ойлголтоор одоогийн байд­лаар манай улсын нийт өр ДНБ-ий 80 ор­чим хувьд хүрсэн аж. Энэ нь хууль зөрчсөнийг илтгэж буй. Түүнчлэн үүнийг халхлахын тулд “Улсын өр” гэдэг хэсгээс Засгийн газрын баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит УҮГ-ын өр гэсэн заалтыг хасчээ. Ингэснээр өрийн хязгаар хуульд заасан 40 хувьд хүрч байгааг ч зарим эх сурвалж хэлсэн юм.

Өмнө нь энэ хуульд зээлийн цонхыг гурван жилийн хугацаатай 40, 50, 60, 50, 40 гэсэн шугамаар нээсэн боловч хугацаа дуусах тэр үед Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Засгийн газрын баталгаатайгаар 1.5 тэрбумын бонд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2.1 тэрбум ам.долларыг татвар тө­лөгч болгон төлөлцөх үүрэгтэй.

АРСЛАНГ МУУРЫН ЗУЛЗАГАТАЙ ЗҮЙРЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Эдийн засагч Б.Бат­жар­гал “Сүүлийн үед өрийн хэмжээ Америк, Япон, Англи зэрэг улсууд 100 хувьтай байдаг. Ма­найх 40 хувьтай байгаа нь бага тоо гэх болжээ. Гэтэл тэдгээр улсын санхүүгийн актив нь манай улстай харьцуулашгүй өндөр бө­гөөд олон зуун жилийн тур­шид өрийн хэмжээ нь нэмэгдсээр 100 хувьд хүр­сэн. Гэтэл бид 2-3 жил тутамд  30-40 хувиар нэ­мэг­дүүлэх гээд байна” гэлээ.

Эндээс харвал арсланг, муурын зулзагатай зүйр­лүүлээд байх шиг. Мон­гол Улсын ирээдүйн хөг­жилд шаардлагатай хө­рөнгө оруулалтын сан­хүүжилтийн шинэ эх үүсвэрийг татан төв­лөрүүлэхдээ бодит болом­жийг үндэслэлтэй тооцох хэрэгтэй юм.

Бондын хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заачихсан байдаг. Тухайлбал, цахилгаан станц, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжих үйлд­вэрт зарцуулна гэжээ. Эд­гээрийг босгож чадвал ма­най улсын хөрөнгө шингээх чадвар нэмэгдэж хэч­нээн ч хэмжээний мөн­гө гаднаас орж ирсэн инф­ляц болж шатахгүй болно гэдгийг эдийн засагч Б.Батжаргал хэлсэн юм.

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг батлахдаа нухацтай хандах ёстой гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн. Учир нь Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байхад өрийг нэм­вэл 2016 онд зургаан  саяд хүрнэ гэж тэд үзжээ. Өн­гөр­сөн хугацаанд авсан зээлээр бүтээн байгуулалт хийж чадаагүй байж дахин зээл авах гэж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм.

УЛСЫН ӨР 40 ХУВИАС ДАВАХГҮЙ

Улсын төсвийн орлого он гарсаар 300 гаруй тэр­бум төгрөгөөр тасраад бай­гаа. Эдийн засаг таагүй энэ үед энэ оны төсвийн то­дот­голыг УИХ-аар нэг мөр баталъя гэх саналыг  сөрөг хүчний гишүүд гаргасан ч “жинхэнэ” тодотголыг долдугаар сард оруулж ирнэ хэмээн Засгийн газ­раас мэдэгджээ. Харин энэ удаа төсөвт түүхэндээ анх удаа “0” дүнтэй баталсан 243 обьектод санхүүжилт өгөх эсэхийг шийдэхээр УИХ-аар батлуулахаар төсвийн тодотголын тог­тоо­лын төслийг оруулж ирсэн юм. 

Монгол Улсын нэгд­сэн төсвийн нийт тэнц­вэржүүлсэн орлого 19 сая 960 мянга 800 төгрөгөөр, нийт зарлага 18 сая 543 мянга 700 төгрөгөөр өөрч­лөгдөж, төсвийн тэнц­вэржүүлсэн тэнцэл нэг сая 417 мянга 100 төг­рөгөөр сайжирсан бай­на.

Улсын төсвийн нийт тэнц­вэржүүлсэн орлого зургаан тэрбум 903 сая 800 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7, нэгдсэн төсвийн нийт зарлага долоон тэрбум 312 сая 400 мянган төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэнэ.

Төс­вийн байн­гын хороогоор уг хуу­лийн төслийн анхны хэлэл­цүүлгийг хийх үед 2014, 2015, 2016 онд Монгол Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 70 хувьтай тэнцэнэ гэснийг 40 хувьтай тэнцүүлнэ хэмээн ажлын хэсгээс оруулж ирсэн са­нал дэмжигдсэнийг чуул­ганы хуралдаанд оролц­сон гишүүд дэмжжээ.

Улсын өрийн тааз 70 хувьд хүрлээ гэхэд тэрхүү зээ­лийг эргүүлэн төлөх ба­талгаа байгаа эсэхэд дор­­витой хариулт олд­сон­гүй. Эрсдэл байх бо­ловч хяналттай зарцуу­лалт түүний аврагч хэ­мээн тайлбарлаж байлаа. Зар­цуулалтыг хэрхэн хийх төлөвлөгөө одоогоор байх­гүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

Зураг