Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад төрийн тэргүүнүүд ямар асуудал хэлэлцэж байна вэ?

Г.Од
2014 оны 5 сарын 20
www.mongolianminingjournal.com

БНХАУ-ын Шанхай хотноо Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэх 4 дэх удаагийн чуулган эхэллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев зэрэг 11 орны удирдагч, олон улсын байгууллагын 10 тэргүүн нар оролцож байгаа юм.

Чуулганы хүрээнд БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар Орос, Казахстан, Киргиз болон Ираны Ерөнхийлөгч нар Хятадад албан ёсны айлчлал хийж байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин нар Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр талт уулзалт хийлээ. 

БНХАУ-ын дарга Си Зинпины санаачлан хэрэгжүүлэх “Торгоны замын эдийн засгийн бүс” болон “Далайн торгоны зам” төслүүд  нь түүний улс орны удирдагчидтай хийх  уулзалтын гол сэдэв байх бололтой.

Хятадын тэргүүнээр сонгогдсоноос хойш Си Зинпин Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай 3 дахь удаагаа уулзаж байна. Далайд гарцгүй Казахстан улс нь “Шинэ торгоны зам” төсөлд ихээхэн анхаарал хандуулж, Хятад улстай хамтран дэд бүтцийн салбарт томоохон ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтаар хоёр улс худалдааны бараа эргэлтээ 2016 он гэхэд 40 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг онцоллоо.

Төлөвлөгөөний хүрээнд дэд бүтэц, хөдөө аж ахуй, хими технологи, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой ажлууд яригджээ. Казахстаны “Самрук Казын” сан, Хятадын “CITIC Group Corporation”  корпораци уул уурхай салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулав. Мөн Хятадын хөгжлийн банк, CNPC корпорацитай хамтран ажиллахаар болов. 

Киргиз улсын хувьд мөн л “Шинэ торгоны зам”-ын төсөлтэй салшгүй холбоотой. Тус улсын Ерөнхийлөгч Алмазбек Атымбаев Хятад хийж буй айлчлалаар хоёр улсын удирдагчид “Шинэ торгоны зам” төслийн талаар санал бодлоо солилцжээ. Киргиз улсын дэд бүтцийн салбарт Хятад 400 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээг айлчлалын үеэр  байгуулсан байна. Киргизийг Гаалийн холбоонд нэгдэхийг дэмжиж буйгаа БНХАУ-ын дарга Си Зинпин илэрхийлжээ. 

Орос Хятадын удирдагчдын 7 дахь удаагийн уулзалтад талууд өндөр ач холбогдол өгч, уулзалтаар ямар асуудлыг хөндөж, хамтын ажиллагааны ямар хэлэлцээрүүд хийгдэх нь олон улсын анхаарлыг татаж байна. Айлчлалын өмнө ОХУ-ын шадар сайд Дмитрий Рогозин Бээжин хотноо ажиллахдаа стратегийн салбарт дахь 8 төслийг хоёр улс хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгуулсан тухай тэрээр твитертээ мэдээлжээ.

Мөн “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллер Хятадын Үндэсний газрын тос, хийн корпорацийн /CNPC/ удирдлагуудтай уулзаж байгалийн хий 30 жил нийлүүлэх, нийт 400 тэрбум ам.долларын гэрээний бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг хэлэлцсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины энэ удаагийн айлчлалын хүрээнд эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, батлан хамгаалах салбарт 43 гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөгдөөд буй. Айлчлалын эхний мэдээгээр “Газпром” компани Владивосток дахь шингэрүүлсэн хийн үйлдвэрийн төсөлд хувь эзэмшихийг Хятадын талд санал болгосон байна.

Мөн тус компани, CNPC корпорацтай байгуулах гэж буй 30 жилийн хугацааны гэрээгээр нийлүүлэх байгалийн хийн олборлолт явуулж буй ордуудад нөөц ашигласны татварыг тэглэх тухай В.В Путин санал дэвшүүлжээ.

Харин Си Зинпин үүний хариуд Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хийг гаалийн татваргүй болгоход бэлэн буйгаа мэдэгджээ. “ВТБ” банк, Хятадын “Bank of China” корпораци хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулаад байна.

Амар мөрөн дээгүүр төмөр замын гүүр барих төсөлд хөрөнгө оруулах тухай хэлэлцэж, нийт 21 сая тоннын хүчин чадалтай тус гүүрийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Оросын газрын тос, химийн СИБУР компани, Хятадын газрын тос, хийн “Sinopec” компани Шанхайд хиймэл каучукийн хамтарсан үйлдвэр байгуулах тухай гэрээг үзэглэлээ. Хамтарсан үйлдвэрийг СИБУР 25,1%,  Sinopec 74,9% эзэмших аж

 Орос, Хятад хөрөнгө оруулалтын хоёр талт комиссыг байгуулахаар тохиролцжээ. 

Зураг