Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрх мэдэлтнүүд Түлэнхийн төвийн түрээсэнд 720 сая төгрөг төлөөд байна

Р.Саруул
2014 оны 5 сарын 20
MorninigNews.mn
"Түлэнхий төв" эмнэлгийг одоог хүртэл нураагаагүй дүр төрх

Монголдоо ганцхан гэх тодотголтой Түлэнхийн төв эмнэлгийн газар хэн нэгний хорхойтой араанд зуугдсаны улмаас сураг алдарч эхэл­лээ. Ийн хэлэхийн учир нь эрх мэдэл бүхий хүмүүс төсөв мөнгө хүрэлцэхгүй мөн шийдэгдээгүй учраас Түлэнхийн төвийн барилга хийгээд бусад дутуу эмнэл­гүүдийн барилгыг ашиг­лалтад орохгүй гэдгийг бат­лаад өглөө. 

Сүүлийн хоёр жил ша­хам өөрийн гэсэн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа арай ядан явуулж буй эл эмнэлэг тат­вар төлөгчдийн мөнгөнөөс түрээсийн байранд сард 30 сая төгрөг, жилд 360 сая төгрөгийг хувийн хэвш­лийнхэнд өгч байна. 

Уг нь анх Мэргэжлийн хя­налтын газраас тус эм­нэлгийг стан­дартын шаард­лага хан­гахгүй хуучирч элэгдсэн байна гэх дүгнэлт гаргаж байхад нь суурин дээр нь олон хүний баг­таамжтай эмнэлэг барих нь дээ гэж ард иргэд их л баярлаж байсан цаг саяхан. 

Өөрөөр хэлбэл ачаалал ихтэй эл эмнэлгийн орчин эрүүл ахуйг дээд зэрэгт байлгая гэж Түлэнхийн төвийг нураах шийдвэр гаргаж эмч, өвтнүүдийг нүүлгэж байсан гэсэн үг. 

Анх 8.1 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр баталж, ажлыг нь эхлүүлэхээр болсон ч энэ онд 21 тэрбум төгрөг болж барилгын ажлын зардал гурван жилийн дотор гурав дахин өссөн ч өнөөг хүртэл таг хэвээрээ байгаа нь хачирхалтай. Хамгийн сонирхолтой нь төсөв мөнгө нь батлагдсан уг барилгыг одоо хэр нь буулгаж нураагаагүй байгаа юм. 

Энд нэг зүйлийг онцлож хэлэхэд тус эмнэлэгт ажил­лаж байсан үе үеийн дарга нар өөрсдөө эмнэлгийн эргэн тойрон дахь газраас хумсалж хувийн эмнэлэг болон орон сууцыг аль хэдийнэ барьсныг хүн бүр л мэднэ. 

Мэдээж Түлэнхийн төвийн газар бол хотын “А” зэрэглэлийн газар уч­раас олон эрх мэдэлт­ний арааны шүлсийг гоо­жуулж өдгөө “Царцаасан барилга”-ын тоонд оруулж санхүү­жил­тийг нь зогсоосон гэсэн үг. 

Өдгөө тус эмнэлэг 60 гаруй ажилтантай хирнээ өөрсдийн гэсэн төсөв бай­даггүй, Төсөв мөнгө нь Гэмтлийн эмнэлгийн төсөвт ордог аж. Тус эмнэлгийн эмч ажилтнуудаас шинэ барил­гынх нь талаар асуу­хад “Эмнэлгийн газар асуудалтай байгаа гэсэн. Яг хэзээ ашиглалтад орох талаар бид мэдэхгүй байна” гэх хариулт өгч байв. 

Түүнчлэн ЭМЯ-ны дэд сайд Ж.Амарсанаагаас нэгэн сэт­гүүлч “Түлэнхийн төвийн газар хэн нэгний өмч болчих вий” гэхэд тэрбээр “Ард иргэд Түлэнхийн төвд санаа зовох зүйл байхгүй. Удахгүй сайхан эмнэлэг сүндэрлэн босох болно” гэх хариулт өгч байсан ч өдгөө энэ амлалт биелэлээ олсонгүй.

Түлэнхийн төвийг яагаад царцаасан барилгын тоонд оруулав

Түүнчлэн тэдний ярьж буйгаар өнгөрсөн онд “ЭЗТ” ХХК Түлэнхийн төвийн зураг төслийг боловсруулж, шугамын ажил хийж байсан аж. Гэтэл яагаад ингэж хийж буй ажил хойшилж царцаасан барилгын тоонд оруулав гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Тэгэхээр эмч ажилчдын ярьж байгаа шиг хэн нэгэн эрх мэдэлтэн тус эмнэлэгийн газрыг авахаар санаархаж хүүхдийн эмнэлэг барина гэж худал хэлж байгааг хэн хэлж мэдлээ гэх хүн ч байсан. Аль эсвэл үнэхээр төсөв мөнгө нь хүрэлцэхгүй шийдэгдэхгүй байна уу. 

Юутай ч бодит байдал дээр татвар төлөгчдийн мөн­гөнөөс хувийн хэвшил болох “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жилийн хугацаанд 720 гаруй сая төгрөг өгчихлөө. Товчхондоо хэн гэгч эрхэмд жилд 360 сая төгрөг өгөөд байна вэ гэдэг ч бодох зүйлийн нэг. 

Бид өмнөх дугаарууддаа тус эмнэлэгийн газраас хэн гэдэг эмч, ямар албан тушаал хашиж байсан хү­мүүс эл газрыг авсан тухай ч баримттайгаар ний­тэд хүргэж байсан. Одоо Түлэнхийн төв биш хүүхдийн эмнэлэг барих болсон нь ч төсөв мөнгө нь хэзээ яаж шийдэгдэх вэ гэдэг нь бүрхэг байгаа юм. 

Өөрөөр хэлбэл хүүх­дийн эмнэлэг нэртэй үйлчил­гээ­ний зориулалттай барилга босохыг ч үгүйсгэхгүй юм. 

Ямартай ч 60 гаруй жилийн түүхтэй Түлэнхийн төв өдгөө халаасны өрөө түрээслэн, ачаалал нь хэд дахин нэмэгдсээр байгааг эрх баригчид газар дээр нь очиж олон эмч ажилчид төдийгүй түлэгдэж зовж шаналсан өвчтнүүдийн хэр­хэн ямар орчинд байгааг харвал эрхгүй нэгийг бодох нь лавтай.

Энэ бүхний эцэст хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай Түлэнхийн төвийн газар хэн нэгний “хорхойтой араанд” зуугджээ гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж буй юм.

Зураг