Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батхишиг: Бусад орон хөрсний бохирдлын хэмжээгээ нууцалдаг

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишиг

ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишигтэй хөрсний бохирдлын асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн хөрсний бохирдол сүүлийн үед нэлээд яригдаж байна. Энэ төрлийн судалгааг та гардан хийдэг. Байдал яг ямар байна вэ?

-Зарим хүмүүс хотыг бараг нүүлгэх талаар ярьж байна. Хөрсний бохирдол агаарынхаас илүү хортой гэдэгч болохоо байчихсан юм алга. Бид нийслэлийн 300 гаруй газраас дээж авч судалгаа хийсэн. Хүнд метал, нянгийн бохирдол илэрлээ.

Хар тугалга, хром, цайр зэрэг бодис үзэгдсэн. Энэ байдаг л асуудал. Үүнийг дэвэргээд байх зүйлгүй. Харин ч зарим орон хөрсний бохирдлын асуудлаа нууцалдаг. Тэр нь олон талын ач холбогдолтой. Гэтэл манайх нэмээд л мэдээллээд байх юм. Би гайхаад сууж байна.

Хөрсний дээд талын үржил шимт давхаргыг нь эвдээд хаячихвал тийм ч амархан төлждөггүй.

-Тэгвэл байдал гайгүй гэж ойлгож болох уу. Гэхдээ хотын хог хаягдал, гэр хорооллын бие засах газар, бохир, автомашин угаалгын газар гээд харахад хэцүү газар олон байх юм?

-Нийслэлийн хөрс эвдрэлд орсон нь мэдээж хэрэг. Хүний суурьшсан бөөгнөрсөн газар бохирдол үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр хүний ухамсарын асуудал яригдана. Зарим хот ямар сайхан цэвэрхэн зохион байгуулалттай хөгжиж байна вэ.

Тэнд байгаа иргэд зөвхөн амиа бодох биш байгаль дэлхий, нийтийн эрх ашгаа хүндэлж чадаж байна. Гэтэл манайд одоохондоо байдал эсрэгээрээ байна. Тийм байхад хичнээн цэвэрхэн байх талаар яриад нэг их хүнд хүрэхгүй л болов уу.

-Тэгээд бид яах ёстой вэ?

-Уг нь хэрэгжүүлж чадвал үүнээс сэргийлэхэд амархан шүү дээ. Та татсан тамхиныхаа иш, идсэн чихрийн цаасаа битгий ил задгай хая. Болж өгвөл ахуйн хог хаягдлаа ил задгай хаялгүй, угаадсаа гудамжиндаа асгадаггүй л бай.

Үүнээс амархан ажил байхгүй мэт боловч, одоогоор хамгийн хэцүү асуудал л байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам гайгүй болох байх гэдэгт итгэж байна.

-Та нийслэлийн хөрсөнд олон удаа судалгаа хийжээ. Бидний амьдарч буй газрын онцлог юу вэ?

-Туул, Сэлбэ голын сав газраар болохоор хайрган хөрс нийслэлд зонхилдог. Мөн уулархаг газраараа чулуулаг ихтэй. Тэгэхээр ямар нэгэн бохирдол байлаа гэхэд доошоо амархан нэвчин орж ундны усыг бохирдуулах эрсдэлтэй. Агаарын бохирдлоороо бид дэлхийн дансанд орсон ч хөрсний бохирдол арай ч босож ирээгүй байна. Хими, металургийн үйлдвэр манай хотод байхгүй нь бас нэг давуу тал юм.

Хятад манайхаас илүү бохирдолтой. Гэхдээ тэрийгээ их нууцалдаг.

Харин манайд гэр хорооллын бие засах газар, муу усны нүх, хог хаягдал их байгаа нь нянгийн бохирдол их байна. Тогтворгүй, тэсвэргүй, нөхөн сэргээгддэг. Гэхдээ тийм ч аятай зүйл биш. Халдварт өвчин үүсэх гол шалтгаан болно. Харин хүнд металийн бохирдол хэзээ ч алга болдоггүй. Байгаль дээр байсаар л байна. Хүний биед орлоо гэхэд хуримтлагдсаар хавдар үүсгэх аюултай.

-Тэгвэл хүнд металийн бохирдол хотын аль хэсгээр илүү байна вэ?

-Цэвэрлэх байгууламжийн хэсэгт хром, хартугалга их байна. 2011 онд 20 гаруй жил хуримтлагдсан лагуудыг зайлуулсан байгаа. Гэхдээ одоо ч бохирдол их байна. Туул голын бохирдол ч өндөр гарсан. Хөрсний дээд талын үржил шимт давхаргыг нь эвдээд хаячихвал тийм ч амархан төлждөггүй.

-Манайх шиг ойролцоо бохирдолтой хот олон оронд бий юу. Тэд хөрсний бохирдлоо хэрхэн шийдэж байгаа бол. Та судалж үзсэн үү?

-Олон бий. Хятад манайхаас илүү бохирдолтой. Гэхдээ тэрийгээ их нууцалдаг. Нэр хүндийн асуудал гэж боддог юм уу, муу муухайгаа зарлаад байдаггүй. Ер нь л дэлхийн улс орнууд нэг тийм бодлого баримтлаад байдаг шиг санагддаг.

Гэтэл манайхан хамаг юм аа дэлгээд л байх юм. Хэтэрхий их яриад байна гэдэг Монголоо сөргөөр сурталчлаад байдаг талтай гэдгийг ч санамаар байна.

-Аюул хол байгаа ч жилийн жилд хөрсний бохирдол нэмэгдсээр л байна. Гэвч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үгүйлэгдээд байх шиг?

-2007, 2008 онд өндөр үзүүлэлтэд хүрсэн. Түүнээс хойш тогтворжиж, нэмэгдээгүй. Хог хаягдлын менежмент сайжирснаас байх. Одоо 2014 оны судалгаа хийнэ. Түүнээс бас нэгэн тоо харагдах болов уу. Мөн манай лаборатори зөвхөн бохирдол судлахгүй. Монголын бүх л хөрсийг судлаж байна.

Зураг