Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өнчин ишиг өрх гэрийг орлоготой болгосон түүх

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

- Өдрийн сурвалжлага -

Сүхбаатар дуүргийн XX хорооны нутаг Сөгнөгөрийн ойролцоох Хадатын аманд П.Бямба гуайнх хаваржиж байна.

Уулын ар өөд зуслангийн олон барилга дундуур өгсч, хэсгийн ахлагч Г.Дуламсүрэнгээр газарчлуулж явсан тулдаа олж очив.

Хашаанд нь уяатай дөрвөн нохой гадны хүн үзээд дүүлж байна. Уяа алдуурвал хүүлэх шинжтэй. Бас болоогүй орон дээр нь саарал муур харах бүрт өөдөөс ногоон нүдээрээ цоо ширтэх.

Гэрийн эзэн эзгүй, ноолуураа тушаахаар хот руу явсан байв. Эхнэр Б.Амгалан нь саяхан гарсан ихэр ишгээ угжиж байлаа. Тэднийх хонь, ямаа нийлсэн 200 гаруй малтай ажээ. Одоогоор долоон ихэртэй гэсэн. Унааны ганц борлог гүүгээрээ хонио хариулдаг гэнэ. Ойрхон модтой учир хяр дагаж хээрийн боохой орж ирж, сүрэгт нь үе үе халдах гээд байдаг гэнэ. Саявтархан ойролцоох айлын хониноос хэдийг хүртсэн сурагтай.

Амгалан гэж намуухан дуутай ажилсаг байрын бор бүсгүй амьдрал ахуйгаа цухасхан дурдсан юм. Нөхөртэйгөө 1993 онд танилцаж айл болжээ. Өөрөө бүтэн өнчин есөн дүүтэй, нөхрийнх нь эхнэр нас бараад таван өнчин хүүхэдтэй хоёр талаасаа нийлж дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлжээ.

Тэрбээр "Бид энэ хүний ач тусаар өдий зэрэгтэй сайхан амьдарч явна. Би энэ хүнтэй ханилахаас өмнө Баянзүрх дүүргийн эмнэлэгт бага эмч байсан.

Манай хүүхэд, дүү нар маань тус тусдаа айл болж өөрсдийгөө болгож байгаа. Харин бидний том охин ХААИС-д бусад нь дунд сургуульд сурч байна. Малынхаа ашиг шимийг хүртээд өр тавихгүй болж л байна. Нарийн юм аа өвгөн л ярих байх. Хотод очоод уулзахгүй юу" гэлээ.

П.Бямба гуайн хотын гэрт нь хүрч очвол нас 70 гарсан гэхэд хөнгөхөн, яриа хөөрөөтэй малчин гэхээргүй хэзээний хотын маягаар угтав. Тэрбээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул бөгөөд Улаанбаатарт 1970 онд орж иржээ.

Өдий наслахдаа үхэхээс бусдыг үзсэн өвгөн дөө. Тушаатай дэгэж явлаа, тушаалтай дэвж явлаа, хоёр жигүүр ургаад нисч үзсэнгүй, хоногийн тоо гүйцээд үхэж үзээгүй л явна. Одоо юу удах вэ дээ" гэж бэлэн цэцэн нь аргагүй танилцуулсан. Тэрбээр "Ноолуураа кг-ыг нь 76 мянган төгрөгөөр өглөө. Санасныг бодвол гайгүй шүү. Их шунаж болохгүй.

Аливаа юманд хэмжээ бий. Түүнийг хэтрүүлбэл буруудна" гэсэн. П.Бямба гуай 1974 онд УБДС-ийн кино драмын ангийг найруулагч, жүжигчин  мэргэжлээр  төгссөн сонин намтартай юм билээ.

Тэрбээр "Миний тухай бичих гэвэл үлгэрийн далай. Энэ удаа малтай болсон тухай бич. Тэр нь сонин байх" гэснээр бид хоёр яриагаа эхэлсэн юм. П.Бямба гуай "Би Эрдэнэдалай сумандаа мал хуйтай боломжийн чинээлэг айлын ганц хүүхэд. Ш.Гүрбазарын бичсэнээр говийн ганц айлын хүүхэд шүү дээ.

Тийм учраас багаасаа малд дөртөй болсон хэрэг. Өдрөөс өдөрт тэлж байгаа хотод малтай байна гэдэг амаргүй. Ногооннуурын хажуунаас хөөгдсөөр байгаад Сөгнөгөрийн аманд очоод байгаа минь тэр. Өөрийн сайндаа ч малтай болсон юм биш. Хэдэн жилийн өмнө Цагаан давааны хог дээр хүнтэй уулзах гээд очсон чинь хажууханд ишиг дуугарсан. Харсан чинь нэг муу жаахан өнчин ишиг майлж байдаг байгаа. Түүнийг сугандаа хавчуулаад орж ирсэн.

Тэр амьтан хаа л явбал намайг дагана. Сүүлдээ эрх ч гэж жигтэйхэн болсон. Таних мэдэх хүмүүс "Ишгэндээ хань болго гээд ганц нэг ямаа өгсөн.

Нөгөө өнчин ишиг чинь том болоод найм ихэрлэсэн. Тэгж манайх гэдэг айл ямаатай болдог байгаа. Нэг таньдаг хүн надад "Та энэ хэдэн ямаагаа хөдөө гарч өсгөж эдийг нь үзээч" гэж зөвлөсөн юм.

Тэр дагуу нь малтай болдог хэрэг гээд өсгөсөн дөө. Үнэнийг хэлэхэд би тэр өнчин ишигний буянаар их баяжсан. Байр сууцтай ч болсон. Хүний өөрийн энэ олон хүүхэд зун нь сүү цагаагаар нь гэдсээ цайлгаж, өвөл нь дэлгүүрийн мах царайчлахгүй болсон. "Мал дагавал ам тосдоно" гэдгийг манай хүүхдүүд мэдээд байгаа.

Баяжихын үүд ямаа, балрахын үүд ямаа гэж ярьдаг ч манайд баяжихын үүд нээж өгсөн. Би эдэндээ "Сул томсон дээс шиг битгий бай. Ажилтай бай. " Энэ мал та нарынх шүү. "Би үхэхдээ аваад явчихгүй. Тиймээс эднийг арчилж өсгө" гэж захьдаг юм. Анх эрх ямаагаа айлд тавьдаг юм биш үү гэж бодож л байсан.

Хүний мал айлд өсдөггүй. Ямаа хүний тавиул малыг мөргөөд байдаг. Тэр гадуурхагдсан мал сүргээс захлан идэж явахад нь чоно, нохой барьчихдаг. Манайд нэг хүн ганц ямаа тавьсан юм, Түүнийг нь боохой барьчихсан. Би эзэнд нь "Ямаа чинь амьтны идэш болчихлоо ирж үзээч" гэж хэлсэн. Хүмүүс энэ зовлонг мэдэхгүй "Очиж очиж миний ганцыг идээд байхдаа яах вэ дээ" гэж ярьдаг юм.

Би хүүхдүүдээ сургуульд сургах хэрэгтэй байдаг. Хамжаа болох хүн хайж үзсэн. Хог түүж, тогооны хөө шиг царайлсан хүмүүс явдаг даа. Нэг хүнд манайд ажил хий. Би чамайг хувцаслаж, хоол ундаар хангана. Чамд хань болох хүн олж өгч яваандаа малтай ч болгож болно гэсэн.

Гэтэл "Би өдөрт 20 мянган төгрөг олдог. Болих уу даа" гэсэн. Ёстой л хог түүж идэж явахдаа таарсан амьтад байдаг юм билээ" гэж ярив.

П.Бямба гуай эхнэрээ 29 настайд нь авч суусан юм билээ. Тэрбээр "Би хүний олон өнчин хүүхдийн том, өрх толгойлсныг нь салгаад авсан хүн чинь дүү нарыг нь харж хандахаас аргагүй биз дээ.

Одоо тэд маань дор дороо ая эвээ олсон доо. Бидний ач зээ олон болсон" гэж ярив. П.Бямба гуай шиг хүний, өөрийн олон өнчин хүүхдийг хүнлэг сэтгэл гарган өсгөж хүмүүжүүлж амьдралтай нь залгуулсан ачтан энэ цагт тийм ч олон байх болов уу гэж бодогдсон.

Харин тэдний нөгөө эрх ишиг нь гурван жилийн дотор 10 ямаатай болгосон гэсэн. Дараа нь 37 хүрэхээр нь жилд 10-ыг нь идээд байж. Ямаа 100 ч байсан, зургаа ч байсан адил гээд өсгөсөн гэнэ билээ. Ноолуурын үнэ өссөн нь бүр ч орлоготой болжээ.

Бидний очиход гаднаа цоо шинэ, хүмүүсийн ярьдгаар "Амьжиргаа цагаан" гэж нэрлэдэг машин аваад тавьчихсан байна билээ. Эхнэр нь "Манай хүүхэд үүгээр өвс, усаа зөөх юм гэсэн" гэж ярив. Тэдний ямаанаас эр сувайг нь хорхог хийх гэсэн хүмүүс зун худалдаж аваад дуусгадаг гэсэн. П.Бямба гуай "Манайх жилд идшиндээ 30 ямаа хэрэглэдэг.

Та бүхэн хорхог хийх хэрэг гарвал ирж аваарай" гэв.

Эднийх энэ жил 40 ишиг, 20 гаруй хурга бойжуулж авах гэнэ. Одоогоор төллөж дуусаагүй байгаа ажээ. Охиноо ХААИС-ийн агрономчийн ангид суралцуулсандаа их олзуурхаж байна билээ. Эхнэрийгээ ногоо тарина гэж яриад байгаа. Чацаргана тарих санаа байгаа, охиноо төгсөхөөс нь өмнө дадлагажуулах гэнэ.

Ийнхуү найруулагчийн мэргэжил эзэмшсэн, соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй нийслэлийн хаяаны малчны хотонд ишиг, хурганы дуу сонсч, өтөг бууц үнэртэн түр саатсан минь энэ ээ.

Зураг