Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Польш болон Балтийн орнуудад цэрэг байршуулна

Х. Батсайхан
2014 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
АНУ Польш болон Балтийн орнуудад цэрэг байршуулна

АНУ-ын БХЯ Польш, Балти орчмын Эстон, Латви, Литва улсуудад 600 орчим цэргээ байршуулахаар болжээ.

Энэ нь ОХУ Крымыг авснаас хойш сандарч мэгдсэн байдалтай байгаа дээрх улсуудыг тайвшруулах зорилготой аж. Пентагоны албан ёсны төлөөлөгч контр адмирал Жон Кирби өчигдөр энэ талаар мэдээлсэн байна. 

Түүний хэлснээр нэг бүр нь 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг Польш, Эстон, Латви, Литва улсуудад байрлаж, нэг сарын турш хамтарсан сургуулилт хийх аж.

ОХУ Крымыг авснаас хойш сандарч мэгдсэн байдалтай байгаа улсуудыг тайвшруулах зорилготой.

Италид байрлаж буй АНУ-ын Тэнгисийн цэргийн 173 дугаар бригадын 150 цэрэг өнөө орой гэхэд Польшид очих бол Литва, Латви, Эстон улсуудад энэ сарын 28 гэхэд цэргээ байршуулж амжих гэнэ.   

Кирбигийн хэлснээр, энэ алхам бол Украйны хямралд АНУ санаа тавьж байгаа гэдгийг харуулах ёстой бөгөөд ингэснээр Умард Атлантын цэргийн эвсэл болоод ОХУ-ын түрэмгийллээс болгоомжилж байгаа Зүүн Европын орнуудад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм байна.

Гэхдээ Украйны асуудалд УАЦЭ, АНУ цэргийн оролцоо үзүүлэхгүй гэдгийг Ж.Кирби онцлон тэмдэглэжээ. 

Балтийн тэнгис орчмын Литва, Эстони, Латви улсуудад орос хэлээр ярьдаг үндэсний цөөнхтэй бөгөөд ОХУ орос иргэдээ хамгаалах нэрээр Крымыг эзэлж авсан явдалд ихээхэн түгшиж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм.

Латвийн тал АНУ-ын цэрэг газар нутагт нь байрлахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн бол Эстоны Батлан хамгаалахын сайд Свен Миксер АНУ-ын цэргийг оруулснаар улс орных нь аюулгүй байдал илүү хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  

Зураг