Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын барилгын салбар дэлхийд юугаараа гайхагдах вэ

Ж.Өнөржаргал
2014 оны 4 сарын 24
Монголын мэдээ
Монголын барилгын салбар дэлхийд юугаараа гайхагдах вэ... Олон хүний аминд хүрсэн үзүүлэлтээрээ юу

“...Амьд явах баталгаа алга...” гэх үгийг нийслэлчүүд эдүгээ ам, амандаа хэлэн бахиралдаж байна. Би ч гэсэн эдгээрийн нэг. Гэхдээ барьснаа эвдэж, сүйтгэе гэж хашгирдаггүй. Учир нь нурааж, сүйдлэх амархан. Харин бүтээж, босгох хэцүү.

Тиймээс барьсан хойноо хүний аминд хүрлээ гэж бахирах биш анхнаасаа бүх зүйлийг хууль, журмын дагуу хийвэл хэн ч, хэзээ ч амиа алдаж, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй. Өнгөрсөн 2012 оны есдүгээр сард Есүгэн охин хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүйн улмаас амиа алдсан.

Эрдэнэт хүний аминд хүрэхгүйн төлөө барилгачид ч тэр удирдлагууд ч тэр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг дээд зэргээр сахих учиртай. 

Үүний дараахан түүний аав нь “Миний охин хэдийгээр бетон зуурмаг шахагчид дарагдсан ч үнэндээ бол монгол төрийн авлига, хүнд суртлын хоолойд “тээглэж” амиа алдсан юм” хэмээн хэлсэн юм. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэгдэж байгаа ч асуудлын үндэс, суурь нь авлига, хүнд сурталд оршиж байна.

Барилгын ажлын сезон эхэлсэн энэ үед урд хөршөөс хэдэн зуугаараа хятад ажилчид орж ирж буй. Яг энэ асуудлыг “Үргээлэг” кинонд хөндсөн байна билээ.

Өнгөц харахад хятадууд бүтээн байгуулалтын ажлыг нугалж байгаа мэт боловч хямд ажиллах хүчин болдогтоо л бизнес эрхлэгчдэд ашигтай тусдаг биз. Урд хөршөөс орж ирж байгаа ажилчид барилгын талаар ямар нэгэн мэдлэг, мэдэгдэхүүнтэй нь юу л бол.

Ингэж хэлэх болсны учир нь албаны хүмүүс осол гарах шалтгааныг барилга дээр мэргэжлийн бус хүн олноор ажилладагтай холбон тайлбарлаж байна.

Ганцхан жишээ дурьдахад, өнгөрсөн жил барилга угсралтын 169, барилгын материалын 110 үйлдвэр, барилгын засал чимэглэлийн 23, сантехникийн найм, цахилгааны 11 зэрэг нийт 321 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ.

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд барилга угсралт, засал, өрлөг, шавардлагыг мэргэжлийн бус хүнээр хийлгэдэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрмийг зөрчсөн үйлдэл юм. Барилга дээр ширхэг тоосго зөөж байгаа хүн ч мэргэжлийн байх учиртай. Тэгж байж хариуцлагын тогтолцоо яригдана.

Ер нь барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгж барилга угсралтыг нэг компаниар, өрлөг, засал чимэглэл, газар шорооны ажлыг өөр аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлдэг байдал түгээмэл ажиглагддаг.

Энэ тохиолдолд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан сахих ямар ч боломжгүй. Тэд барилгаа хугацаанд нь Улсын комисст хүлээлгэж өгөхийг илүүд үздэг.

Түүнээс биш барилга дээрээс нь хүн уначих вий, гудамжаар яваа хэн нэгний аминд хүрэх вий гэдэгт анхаарал хандуулдаггүй. Хэрэв үнэхээр чин сэтгэлээсээ энэ асуудалд анхаарал хандуулдаг байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байсан. Нэг хүн эндлээ, хоёр хүн гэмтлээ... Бусдадаа хатуу сургамж болмоор... Гэтэл үгүй бололтой.

Бид юун дээр алдаж, авлига, мөнгөөр аргалсан бүхэн хүний аминд хүрээд байгааг барилгын компаниуд ойлгосон ч нүдээ аниад өнгөрч байх шиг. Энэ хорвоо дээр мөнгөнөөс үнэт зүйл их.

Амиа алдсан 10-хан настай охиныг ял эдэлж буй кранист босгож чадахгүй. Тэр ялаа эдэлсэн ч Есүгэн охин дахиж төрөхгүйд хүний амьдралын үнэ цэнэ оршиж байгаа юм.

19-хөн настай хүүгээ алдсан ээжийн сэтгэлийг барилгын компанийн өгсөн хэдэн халтар төгрөг тайтгаруулахгүй. Замын хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан залуугийн гэр бүлд нь түүнийг хэн ч, хэзээ ч орлож чадахгүй. 

Тиймээс л хууль, журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай дахин, дахин, давтан, давтан хэлж байгаа хэрэг. Дахин эрдэнэт хүний аминд хүрэхгүйн төлөө барилгачид ч тэр удирдлагууд ч тэр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг дээд зэргээр сахих учиртай.

“Оюу толгой” дэлхийд юугаараа шилдэг болохыг нь манай сэтгүүлч аяны богцоо задлахдаа хэлж байсан юм. Харин монголын барилгын салбар дэлхийд юугаараа гайхагдах вэ... Олон хүний аминд хүрсэн үзүүлэлтээрээ юу.

Зураг