Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мурат Карагөз: Хүүхдүүд эв найрамдлын элч байгаасай

Э.Орхон
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Мурат Карагөз

Туркийн хүүхдийн баяр өчигдөр тохиолоо. Тиймээс тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз М.К.Ататуркийн нэрэмжит тавдугаар дунд сургуулийн багш сурагчид болон Элчин сайдын яамны ажилчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. 

Элчин сайд “Өнөөдөр хүүхэд багачууд та бүхний өдөр. Туркт энэ баярын 1929 оноос тэмдэглэж эхэлсэн.

Турк улс энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн анхны улс юм. Энэ өдөр бол дэлхийн хүүхэд багачуудын баярын өдөр. Тиймээс энэ сайхан өдрийн та бүхэнтэй хамт тэмдэглэхийг хүссэн юм. Та бүхэнтэй уулзах гээд догдолж хонолоо” хэмээв. Тэрээр ирсэн хүүхдүүдтэй танилцаж ирээдүйд ямар мэргэжилтэй болох хүсэлтэй байгааг нь асууж сонирхлоо.

Мурат Карагөз: Дэлхийн бүх хүүхдүүд эв найрамдалтай байж амар амгалан ертөнцийг бүтээгээсэй.

Ингээд ирсэн хүүхдүүд дундаас Ө.Билэгт охиныг Элчин сайд болгон түр хугацаанд эрх мэдлээ шилжүүлсэн юм. Шинэ Элчин сайд суудалдаа суун анхны үүрэг даалгавраа өглөө.

Тэрээр “Монгол хүүхдүүд Туркт, Турк хүүхдүүд Монголд ирж байгалийн сайхан, түүх соёл, ёс заншилтай нь танилцаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Харин Элчин сайд түүнд хандан “Хэрэв чи энэ албан тушаалд суухыг хүсвэл чамайг том болтол чинь бэлдэнэ” гэв. Уулзалтын үеэр тавдугаар сургуулийн бага ангийн багш Ч.Бадамцэцэг “Би сургуульдаа 23 дах жилдээ багшилж байна. Монгол, Туркийн хамтарсан сургуульд багшилдаг гэдгээрээ бахархдаг" гэлээ.

Жил бүр тус сургуулийн багш сурагчдын төлөөлөл Турк улстай танилцах аялал хийдэг байна. Элчин сайд багш сурагчдад хандан та бүгд бүх л амьдралынхаа туршид хоёр орны энх тайван, найрамдал, ах дүүсийн холбооны элч байгаарай. Бидний харилцаа цаашид улам өргөжих болно гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр Мурат Карагөз Элчин сайдаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Элчин сайдынхаа хувьд хүүхдүүдийн төлөө ямар ажил хийх гэж байна?

-Хүүхдүүд бол цэцэг шиг сайхан. Тэд бидний ирээдүйг авч явах болно. Энэ бол зөвхөн турк хүүхдүүдийн баяр бус дэлхийн бүх хүүхдийн баяр гэж ойлгож болно. Тиймээс энэ өдөр Туркт дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд ирж баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

Би Элчин сайдаар ирээд таван cap болж байна. Энэ хугацаанд хүүхдийн асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн МУИС-ийн Гадаад хэлний сургуулийн Турк судлалын тэнхимд 44 монгол оюутан суралцдаг. Тэдгээр оюутнуудын сургалтын чанарт ахиц гаргаж, ажлын байранд гарахад нь анхаарах болно.

-Та хүүхдүүдэд юу хэлж захих вэ?

-Хүүхдүүд бидний ирээдүй. Тиймээс дэлхийн бүх хүүхдүүд эв найрамдалтай байж амар амгалан ертөнцийг бүтээгээсэй гэж хүсдэг. Тиймээс хүүхэд бүр дэлхийн энх тайвны элч төлөөлөл байх ёстой. Монгол Турк хүүхдүүд энэ хоёр улсын эв найрамдлын элч байгаасай гэж хүсч байна.

Зураг