Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монголын Эдит Пиаф oлoн улсад тэргүүллээ

Р.Оюунаа, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 24
Өдрийн шуудан
Монголын Эдит Пиаф oлoн улсад тэргүүллээ

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан олон улсын наадмын Гранпри шагнал хүртээд байна. Косово улсын Пэжа хотод болсон Зүүн Европ төдийгүй дэлхийн олон улсын драмын урлагийн шилдэг жүжигчид ур чадвараа сорьсон “MonAkt Festival 2014” моно жүжгийн уралдаанд тэрбээр “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ тэргүүлжээ.

“Ийм өндөр амжилт гаргахад нөлөөлсөн, тусалсан хүн бол найруулагч Б.Баатар юм” гээд түүнд маш их баярлаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Түүний Монгол дахь тоглолтыг нь үзэж сурвалжилсан юм. Жүжигчин төдийгүй сайн дуулдаг тэрбээр Францын алдарт дуучин, жүжигчин Эдит Пиафын дүрийг жүжиглэж, дуулж, маш сайн бүтээж байсан. Чухам тэр л найруулга, тавилтаараа Косовогийн уралдаанд оролцсон юм билээ.

Монголд УДЭТ-т тоглоход нь япон бололтой нэлээд олон жуулчин байрын хүн үзсэн. Тэд нүд ирмэхгүй шахам үзэж дуусаад гараа дээр өргөн алга ташиж баяр хүргэж байхыг хараад “Энэ хүмүүс ч гэсэн ойлгожээ. Үнэхээр урлаг гэдэг өөрөө хэл юм даа” гэж бодож байсан юм.

Жүжигчин Ц.Баясгалан Зүүн Европт сүүлийн үед моно жүжгийн наадмаар нэлээд алдаршиж байгаа улсын театрын тайзнаа ийнхүү тэргүүлж хэн болохоо харуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөжээ.

“Гэгээн Муза” наадмыг зохион байгуулагч “Гэгээн Муза” академи, УДЭТ хамтарч зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Гэгээн Муза” наадмыг 10 жил зохион байгуулсны үр дүн гарч байна уу, юугаар илэрч байна вэ” гэж асуухад академийн тэргүүн С.Сарантуяа ‘Театруудын урын сан, жүжигчдийн ур чадварт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, ахиц гарч байгаа

 Тухайлбал энэ наадмын хүрээнд харилцаа холбоо тогтоосон Косово улсын мэргэжил нэгт нөхдийн зохион байгуулдаг моно жүжгийн уралдаанд жүжигчин Ц.Баясгалан оролцохоор явсан. Энэ ч гэсэн алхам” хэмээж байсан.

Жүжигчин Ц.Баясгалангийн фэйсбүүк хуудаснаа хэдийнэ гадаадын уран бүтээлчид хандаж сайхан уран бүтээл үзүүлсэнд нь баяр хүргэж эхэлжээ.

Жишээ нь Полыпийн театрын зүтгэлтэн “I have seen a wonderfull actress from Mongolia at Kosovo MonAkt festival 2014. It was wondeful!" хэмээсэн байхад, амжилт хүсч "Good luck Baysa" ч гэх нэгэн ч байх аж.

Зураг