Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Авто угаалгын усны хэрэглээг хязгаарлая

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ

Урин дулаан цаг ирж энд тэндгүй авто угаалгын газрууд “үүдээ нээлээ”.  

Зам дагуу жаахан явахад л алчуур далласан залуус угтах ийм үйлчилгээг харсан гаднынхан, эсвэл хөдөөгийнхөн мэл гайхдаг байх. Улсын нийслэл Улаанбаатар гэдэг нь энэ үү гэж. Гэхдээ үүнээс чухал асуудал нь цэвэр усны зохистой хэрэглээ болжээ.

Зориулалтын байр барьчихсан, 24 цагийн үйлчилгээтэй боловсон гэж хэлж болох төвүүд байхад бидний хэлж заншсанаар хорооллын эцсийн буудал орчим, гэмтлийн эмнэлгийн зам дагуу, долоон буудал, баянбүрд гээд олон чиглэлд ил задгай талбайд зөөврийн усаар машин угаах хэсэг нь ч бий.

Сүүлийн жилүүдэд цэвэр усны нөөц багассан, усаа зохистой хэрэглэх шаардлагатай болсон гэж албаныхан ярьдаг болсон. Гэр хорооллын айл өрх хоногт 10, 20 литр ус хэрэглэж байхад орон сууцны айл өрхийн хэрэглээ хэрээс хэтэрсэн гэдэг.

Мэдээж энэ нь хөндөх ёстой асуудал. Гэхдээ усаа үүнээс хэдэн арав, зуу дахин илүү хайр гамгүй хэрэглэж байгаа нь авто угаалгын төвүүд юм.

УСУГ-ын албаны хүнээс авсан мэдээллээр нийслэлд 120 гаруй машин угаах цэг байдаг. Тэдний 70 орчим хувь нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдчихсон байдаг албан бус мэдээлэл байна.

Дээрх 120 авто угаалгын цэгээс 67 нь албан ёсны гэрээтэй байдаг гэнэ. Гэрээтэй гэдэг нь цэгүүд хэр хэмжээний ус хэрэглэдгийг нь хянах тоолууртай, УСУГ-аас цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлнэ. Угаалгын төвүүдийн үйл ажиллагаа нь хүчин чадал, улирлаас хамаараад усны хэрэглээг нь тодорхойлох боломжгүй ч дунджаар 100-450 орчим шоо метр усыг сард хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Энэ нь 100 мянгаас 450 мянган литр ус гэсэн үг.

Цэвэр усны төлбөр нь нэг метр куб нь 600 төгрөг, харин бохир ус нь 554.5 төгрөгөөр тооцдог аж. Харин орон сууцны айлын усны төлбөрт цэвэр нь 147 төгрөг байхад бохир нь 255.45 төгрөг байна. Ингээд бодохоор нэг авто угаалгын газар сард хагас сая тонн ус хэрэглэчихээд  сая хүрэхгүй төгрөг төлдөг баримтыг албаныхан харууллаа. Харин тэд энэ зарлагаа хэдхэн хоногт нөхчихнө.

БОХИР УСЫГ ДАХИН АШИГЛАХААР ГЭРЭЭЛСЭН Ч...

УСУГ-аас өнгөрсөн жил гэрээт угаалгын газруудтай нэгэн зүйлийг тохирчээ. Тэр нь цэвэр усны хэрэглээг багасгахын тулд хэрэглэсэн усаа дахин ашиглах тоног төхөөрөмж суурилуулахыг гэрээндээ тусгасан байж.

Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард тус газраас хийсэн шалгалтын явцад хэн нь ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байжээ. Уг нь ийм төхөөрөмж суурилуулчихвал усаа хэмнээд зогсохгүй угаалгын төвүүд эдийн засгийн хувьд нь хэмнэлттэй.

Гэвч тэд зөвхөн өнөөдрийнхөө орлогыг бодсоор хүн амын ундны уснаас хумсалсаар л байна.

Зураг