Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Ерөнхий сайд 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх Хяналтын тухай хуулийн төсөл болон Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа нэгтгэжээ.

Тус бүлгийн хувьд Засгийн газраас өргөн барьсан Хяналтын тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг олон талаас нь хэлэлцээд тус тусад нь ажлын хэсэг байгуулахаар болсон байна. 
 
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар хэлэхдээ "2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг жилийн дараа 11 хувьтай болгож бууруулсан. Хоёр жилийн дотор эдийн засгийг хүндрэлд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газар 100 хоногийн дотор эрчимжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. "Эдийн засаг хүндрээгүй, бүх юм сайн сайхан байгаа", "Ард иргэдийн амьдрал сайжирч байгаа" гэж ярьж байсан Засгийн газар өнөөдөр уг тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэж өгөөч гэсэн асуудлыг тавьж байна.

100-хан хоногт бүхнийг сайхан болгоно гэж хэлж байна. Цонхны цаанаас чихэр долоолгодог, худал амлалт өгдөг ээлжит оролдлогоо хийж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэж, ард иргэдийн амьдрал сайжирч чадах уу. Ийм учраас эрх баригчдад туслах, эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд намын бүлгээс ажлын хэсэг байгуулж ажиллана" гэв.
 
Хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчид МАН хамтарсан Засгийн газарт орж ажиллах эсэх талаар асуухад  "МАН Засгийн газарт хамтрахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Ард түмэн сонгуулиар АН-д итгэсэн. АН ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах ёстой. Гэхдээ ийм байдлаар хариуцлагагүй ажиллавал бид хариуцлагын асуудлыг байнга ярина" гэсэн хариулт өглөө.