Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ноос, ноолуурын эрэлт буурчээ

Э.Өнөр
2014 оны 4 сарын 21
Зууны мэдээ

Түүхий эдийн “Эмээлт” захад ноос, ноолуурын эрэлт ямар байгааг өнгөрсөн бямба гаригт сурвалжлав. Тус захад түүхий эд авах цэгүүд эл хуль болжээ.

“Ноолуур өндөр үнээр авна”, “Ноолуур, ноос байнга авна” гэсэн хаягтай түүхий эд авах цэгүүдийн хаалган дээр утасны дугаар хадаастай ч цоожтой байв.

“Эмээлт”-ээр дайран хот орох баруун аймгууд болон Төв аймгийн сумдаас түүхий эд ачсан цөөхөн хэдэн автомашины жолооч түр зогсоод ноолуурын үнэ асуугаад өнгөрөх нь элбэг.

Хааяа нэг хажуу хашаанаас гарч ирэн кг ноолуурыг 70-76 мянган төгрөгөөр авч буйгаа хэлэх ченжүүд хэр их ноолуур байгааг асууж шалж эхэлнэ.

Холоос тээвэрлэсэн ноос ноолуур, арьс ширээ арай илүү үнээр өгч магадгүй гэж бодсон малчин эр “Арваадхан хоногийн өмнө ноолуур 80 мянган төгрөгт хүрлээ” гээд зурагтаар мэдээлж байсан. Үнэ нь уначихаа юу даа хэмээн эргэлзсэн янзтай хэлээд ачаагаа задлахгүйгээр хотыг зорилоо.

Энэ хавар долоо хоногт хамгийн их арилжаа наймаа хийдэг амралтын өдрүүдээр ч хүмүүсийн хол татарч байгааг зарим ченж дуулгав. “Их хэмжээний ноолуур авсан малчид Хөдөө аж ахуйн биржээр ноолуураа борлуулдаг болсон гэж дуулсан.

Гэхдээ тэр биржээр ноолуур, ноосоо арилжаалахаар ашгаасаа тодорхой хувийг нь зуучилж өгсөн брокерийн компанид өгдөг болохоор шууд түүхий эдийн захад арьс шир, ноос ноолуураа өгдөг малчид ч бий” хэмээн түүхий эдийн ченж Батболд хэлэв.

Тус захад өнгөрсөн бямба гаригт ноолуур 70-76 мянга, ноолууртай ямааны арьс 35 мянга, хонины нэхий 6000, олон нь 2000, ямааны олон 500 төгрөгийн үнэтэй байлаа.

Ноолуурын үнэ “Эмээлт” захад 20 хоногийн өмнөхөөс 15-20 мянган төгрөгөөр хямдарсныг ченжүүд хэллээ.

Зураг