Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Багануурыг анхааралдаа авлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Багануур дүүргийн асуудлыг хэлэлцлээ.

Тус дүүргийн 52 дугаар байрны арын төв зам доогуур хөндлөн хойд чиглэлд гардаг хэсэгт авто замын суулт өгсний улмаас дулааны шугам дарагдаж гэмтэл гарчээ.

Т.Бат-Эрдэнэ: Багануур дүүрэгт зуух зайлшгүй шаардлагатай иргэдэд ирэх намар олгоно.

Шугамын хэсэгт үзлэг шалгалт хийхэд эхний ээлжинд авто замын арын дулаан хуваарилах  худгаас урд чиглэлд 80м орчим хос шугам сүлжээ, арматур туслах төхөөрөмжийн хамт бүрэн шинэчлэгдэх шаардлагатай нь тогтоогдсон байна.

Тиймээс энэ шинэчлэлийн ажлыг хийх 46 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэхийг тус дүүргийн Засаг дарга хэлсэн юм. Харин холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцаж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн тус дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй зуух авах шаардлагатай 4000 гаруй иргэн байгаа тул энэ асуудлыг судалж үзэн, шийдвэрлүүлэх хүсэлт тавьсан юм.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Эрчим хүчний хэмнэлттэй зуух тараах ажлыг өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Багануур дүүрэгт зайлшгүй шаардлагатай иргэдэд ирэх намар олгоно” гэв.