Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

62-р сургуулийн барилгад нуралт үүсчээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан.  1-8-р ангийн 44 бүлэгт 1304 сурагч 51 багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлж байсан бол одоо 2800 гаруй сурагч, 160 орчим багш ажилтантай ажиллаж байгаа юм байна. 

Тус сургуулийн барилгын зураг төслийг барилгын зургийн институтэд боловсруулж 1974 онд холболт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг хотын барилга трестийн 2-р контор гүйцэтгэж 1976 онд ашиглалтад оруулжээ.

Барилгын хийц:

Сургуулийн барилга нь 920 хүүхдийн хүчин чадалтай гурван давхар тэнхлэгээрээ 15м х 45м, 9.0м х 54м, 12м х30м –ийн хэмжээтэй гурван блоктой П хэлбэртэй, угсармал бетон суурьтай, өнгөлгөөний тоосгон ханатай төмөр бетон нүхтэй хавтан хучилттай, хар цаасан хучлагат хавтгай дээвэртэй, халаалт цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт, гадна зам зэрэгт  хэсэгчилсэн засвар хийгдэж байжээ.

Харин 12-р сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй дөрвөн газар байгаа аж.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн

Хотын дарга нөхцөл байдалтай танилцаад 62-р сургуульд урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож яаралтай шийдвэрлэж өгөхөөр боллоо.