Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Чалко”-гийн өрийг хугацаандаа төлж дуусах уу?

Д.Оюун
2014 оны 4 сарын 21
Зууны мэдээ

БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монгол Улсын Засгийн газар 350 сая ам.доллар зээлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Нүүрсний үнэ болоод бусад олон шалтгаанаас энэхүү өр зээлийг төлж барагдуулж амжаагүй өдийг хүрсэн юм.

Энэ жилийн хувьд нүүрсний салбар уналтад орж, экспортлогч компаниуд бараг л дампуурсан. Хятадын эрэлт багассан гэж албаныхан тайлбарладаг ч үнэн хэрэгтээ Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар муу байгааг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг.

“Эрдэнэс Таван­толгой” компани үнийн уналттай холбоотой хүндрэлээс гарах боломжтой хэмээн албаны хүн дуулгасан. Учир нь тэд бусад компаниас хямд зардлаар олборлолт явуулдаг аж. Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас 3.7 сая тонныг нь борлуулжээ.

Төлөвлөсөн нүүрсний 11 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана гэж тооцсон. Гэхдээ одоогийн байдлаар “Чалко” компанийн өрөнд нүүрсээ нийлүүлж байгаа бөгөөд зургадугаар сард бүх өрийг дарж дуусгахаар ажиллаж байгааг эх сурвалж хэлсэн юм. Тэгэхээр тус компани ирэх хагас жилд тооцоолсон 11 сая тонн нүүрсээ гаргах шаардлага тулгарч байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Таван­толгойн Зүүн Цанхийн уурхайгаас олборлож буй нүүрс тэр чигтээ өрөнд явж байгаа. Одоогоор бид “Чалко”-д 132 сая ам.долларын өртэй байна.

Үүнийгээ ойрын саруудад барагдуулна” гэв. Зарим шинжээчийн үзэж буйгаар эдийн засаг хүндэрсэн, гаднаас орох орлого нь төсөвт төвлөрөхгүй, мөн нүүрсний экспорт муудсан энэ үед төлөвлөсөн хугацаандаа “Чалко”-гийн өрийг барагдуулна гэдэгт эргэлзэж байна. Иймд өрөө хугацаандаа төлж дуусах эсэхийг харах л үлдлээ.

Зураг