Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Севастопольд таван хүний амь эрсдэж, хөл хорио тогтоолоо

Х. Батсайхан
2014 оны 4 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Севастопольд таван хүний амь эрсдэж, хөл хорио тогтоолоо

-Халдлага үйлдэгчид Америкийн зэвсгээр хангагдсан байжээ-

Оросыг дэмжигчдийн хяналтад байгаа Севастополь хотод зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. “Ард түмний мэр” Вячеслав Пономарев энэ талаар мэдээлсэн байна.

Хяналтын пост руу өчигдөр шөнийн 02.00 цагийн орчимд дөрвөн жип машинтай хүмүүс дөхөж ирээд автомат буугаар гал нээсэн байна. Тухайн үед зэвсэггүй орон нутгийн иргэд манаанд гарч байсан байжээ.

Удалгүй, Славянскийн өөрийгөө хамгаалах отрядынхан ирж хариу гал нээснээр хоёрыг нь устгаж, хоёр машиныг нь олзлон авсан байна. Машинд “Барууны сектор” бүлэглэлийн бэлгэ тэмдэг, их хэмжээний буу зэвсэг байсан аж. Тэд Украйны зэвсэглэлд байдаггүй, АНУ-д үйлдвэрлэсэн хиймэл утаа, шөнийн хараатай дуран зэргээр хангагдсанаас гадна агаараас авсан зураглал бүхий бүдүүвч зурагтай байжээ.

Украйны түр зуурын Ерөнхийлөгч Александр Турчинов эсэргүүцлийн хөдөлгөөн гараад байгаа дорнод хэсгийн мужууддаа тусгай ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Украйн, ОХУ, АНУ, Европын холбооны төлөөлөгчид энэ сарын 17-ны өдөр Женев хотноо хуралдаж, хямралыг хэрхэн зохицуулах талаар яриа хэлэлцээрийг өрнүүлсэн.

Хэлэлцээрийн үр дүнд талууд “хямралыг украйнчууд өөрсдөө л зохицуулах ёстой” гэсэн зарчимд санал нэгдсэн юм. Мөн эсэргүүцэгчид эзэлж авсан талбай, захиргааны байруудаа чөлөөлж, эрх баригчдын зүгээс баривчилсан бүх эсэргүүцэгчдээ суллах арга замаар байдлыг намжаах талаар илүү ач холбогдол өгөн ярилцсан байна.

Ингэснээр Украйнд хууль бусаар зэвсэг оруулахыг үндсэндээ хориглосон гэсэн үг. Харин Севастопольд халдлага үйлдсэн этгээдүүдээс АНУ-д үйлдвэрлэсэн нэмэлт зэвсэглэл илэрсэн нь АНУ-ыг Украйнд байлдааны техник хэрэгсэл нийлүүлж байгаа гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Зураг