Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Краныг буруу суурилуулснаас осол гарчээ

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Нарны зам дагуу байрлах “S-Outlets” компанийн эзэмшлийн кран Баасан гарагт унасан талаар мэдээлсэн.

Уг кран нь тус дэлгүүрийн эзэмшлийнх бөгөөд барилгын өргөтгөл ажил хийхээр уг краныг ажиллуулж байсан гэнэ. 

Нарны зам дагуу хоёр урсгалтай замыг тэгнэн унасан краны ослын талаар кранист “Уг нь даац хэтрүүлээгүй. Газар цөмөрч, домкрат нь хугарч кран уначихлаа” гэх тайлбар өгсөн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Дашдаваа “Унасан төмрийнх нь жинг тооцоод даац хэтрүүлсэн эсэхийг нь тодорхойлно. Хотын шуурхай албанд ирсэн дуудлагын дагуу Мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтнүүд ослын газарт ирж, ажилласан.

Дүрэм ёсоор хөрсийг шинжилж, суулт өгөх эсэхийг нь судалж байж краныг байрлуулах ёстой. Кранаар ачаа тээвэрлэх үед аюулгүй ажиллагааг хангах мэргэжилтэн байх ёстой.

Гэвч кранист менежертэйгээ хамтраад л ажиллаж байсан байна. Хамгийн гол нь суурь хөрсийг тооцолгүй кранаа буруу байрлуулснаас осол гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Краныг буруу байрлуулсан, краны тулаасуудыг шалгах ёстой. Хөрсний нуралт, суулт өгснөөс осол гарсан” гэлээ.

Золоор кран унах үеэр замаар автомашин, явган хүн зорчиж яваагүй тул ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна. Краны жолоочийн биеийн байдал ч хэвийн байгаа ажээ. Одоогоор ослын талаарх цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхны дүгнэлт хараахан гараагүй байна. 

Зураг