Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баттамир, Д.Төрмандах нар шөвгөрлөө

Д.Жавхлан
2014 оны 4 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг
Тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд 10 тамирчнаа илгээсэн билээ

- Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ний тойм -

Болгарын нийслэл Софи хотноо энэ сарын 14-нд эхэлсэн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж буй.

Тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд 10 тамирчнаа илгээсэн билээ.

Тэмцээний эхний өдөр манай боксчин Г.Баттамир, Д.Төрмандах, Б.Төмөрхуяг нар гараагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд тухайн өдрийн хамгийн шилдэг тулаан үзүүлсэн хэмээн Монголын баг тамирчдыг Сонирхогчдын боксын олон улсын холбооны цахим хуудас онцолсон юм.

52 кг-д Г.Баттамир эхний учраа болох БНСУ-ын хүчтэй боксчин Хан Юунг Хуныг 3:0-ээр илт давуу ялсан бөгөөд 16/1 шигшээ тулаанд Афганистаны Пасит Садиктай оноолт таарсан. Манай тамирчин хоёр дахь тулаандаа өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн ялж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

60кг-ын жинд Д.Төрмандах анхны ялалтаа баталгаажуулан шөвгийн 16-д шалгарсан Монголын хоёр дахь боксчин болов. Тэрээр хоёрын даваанд Германы Владислав Варышникийг 2:1-ээр дийлж шөвгөрсөн юм.

Тэгвэл манай боксчдын ялалтын салхийг амжилттай эхлүүлсэн Б.Төмөрхуяг 49 кг-д Өмнөд Африкийн Эдвин Тшабалалаг 3:0-ээр бут ниргэж хоёрын даваанд Данийн Жабор Махмудтай урд шөнө тулалдах эрхтэй болсон.

Монголын ширэн бээлийтнүүдээс 56 кг-ын жинд гол найдвар гэгдэж байсан ОУХМ Э.Цэндбаатар рингэнд хамгийн түрүүнд гарч тулалдсан боловч Пуэрто-Рикогийн Леврон Хенрид 2:1-ээр ялагдан тэмцээнийг харамсалтайгаар орхисон юм. Түүнчлэн 69 кг-ын жинд Б.Нямдорж Чехийн боксчин Корбал Якубад 3:0-ээр хожигдон мөн л тэмцээнийг орхиход хүрсэн.

Энэ өдөр дэлхийн аваргын ринг манай тамирчдад халгаатай байсан гэхэд болно. Монголын эмэгтэй боксчдоос хамгийн туршлагатай тамирчин гэгдэх Э.Нандинсувд эхний учраа Голландын боксчин Танесиа Валентинд 3 :0-ээр хожигдож рингнээс харамсалтайгаар буулаа. Харин залуучуудын дэлхийн аваргад 75 кг-ын жинг анх удаа төлөөлөн оролцож буй Г.Цэнгүүнийг аз түшиж, тэрээр эхний тойрогт гоц мөргөлөө.

Түүнчлэн Г.Далай урд хөршийн боксчин Лиутай тааран эхний тулаанаа “Б” рингэнд хийв. Эхний раундад дундын болон ойрын хүчтэй довтолгооныг хоёр боксчин харилцан хийж, ялангуяа манай боксчны довтолгоо бүрийн хойд гарын оновчтой цохилт амжилттай болж эхний үед ялж чадав. Гэвч хоёр, гуравдугаар үед Лиугийн тоглолт илт сэргэж дараалан хоёр ялснаар манай боксчин тэмцээнээ дуусгалаа.

Түүний араас эмэгтэйчүүдийн 60 кг-д Г.Үүрийнтуяа Нигерийн боксчин Одунугатай “Б” рингэнд тулалдсан боловч “хар тивийн“ бүсгүй яллаа. Дашрамд дуулгахад, Софигийн рингэнд 90 орны 437 эрэгтэй ширэн бээлийтэн 10 жанд, 85 эмэгтэй боксчин гурван жинд тус тус тулалдаж байна.

Энэ удаагийн тэмцээн өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй харьцуулбал оролцогч, тамирчдынхаа тоогоор дээд амжилт тогтоож чадлаа.

Түүнчлэн Нанжины Залуучуудын зуны олимпийн наадамд оролцох эрхийг эрэгтэйчүүдэд эхний зургаа, эмэгтэйчүүдэд эхний таван байрт орсон боксчдод олгох юм байна.

Зураг