Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бат-Эрдэнэ сайд Япон улсад айлчиллаа

ikon.mn
2014 оны 4 сарын 21
www.ikon.mn
Д.Бат-Эрдэнэ сайд Япон улсад айлчиллаа

Япон Улсын Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүнори-гийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тус улсад энэ сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зочиллоо.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг ҮБХИС-ийн захирал Кокүбүн Риёосей хүндэтгэн хүлээн авч сургуулийнхаа талаар танилцуулжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ уг сургуульд суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогч нартай уулзаж, тэдний хичээл сурлагын байдалтай танилцан өдрийн зоог хамт барьсан байна.

Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараа Япон Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд тус улсын Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүнори Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн хүлээн авсан байна.

Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, дэлхий дахины болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцжээ.

Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлсэн байна.

1995 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх төвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа аж.