Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд жилдээ 800-850 мянган тонн ахуйн хог үүсдэг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээж хэлсэн үгэндээ, “ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэнд гэдэг нь хүн амын эрүүл мэндийн тэгш бус байдлыг багасгаж, нийгмийн бүх буюу дийлэнх гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, амьдралыг нь уртасгахад чиглэгдсэн хүн амын өвчлөл, цаг бус эндэгдэл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах үндсэн хэрэглүүр болдог. 

Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн бохир усны цооног

Өнөөдөр манай улсын хүн ам 10-20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү эрүүл, удаан амьдарч, Монгол хүний дундаж наслалт уртасч, 2000 онтой харьцуулахад дунджаар 4 насаар нэмэгдсэн зэрэг олон нааштай үзүүлэлт байна.

Хэдийгээр эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн хэд хэдэн бодлого, хөтөлбөр хэрэгжиж, ололт амжилт чамгүй байгаач урьдчилан сэргийлэх чиглэл бүх нийтийн үйлс болж чадахгүйгээс тулгамдсан олон асуудал гарч байна. 

Хүн амын эрүүл мэндийн байдал нь гадаад, дотоод орчны олон хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтай бөгөөд үүний дотор орчны хүчин зүйлс, ус, хөрс, агаарын бохирдлоос ихээхэн хамааралтай юм. 

Мөн “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан хот хоггүй, цэвэр орчинг бий болгон, эрүүл зан үйлийн төлөвшил бүрдүүлсэн хотоор шалгарлаа. Сайншанд хот, нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд эрүүл дүүрэг болохоор ажиллаж байна.

Хүний үйл ажиллагаа улам өргөжиж, шинжлэх ухаан, технологи илүү дэвшин дээшлэхийн хирээр нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж хүрээлэн байгаа орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Үүний хамгийн тод жишээ бол, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, утаа шиг суунаглаж, хамар, цээж хорсгохгүй “Хөрсний бохирдол” гэх чимээгүй тахал Та бидний эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байна” хэмээв.  

Н.Удвал: Хүн амын эрүүл мэндийн байдал нь гадаад, дотоод орчны олон хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтай

Үүний дараагаар “Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх нь”, “”Улаанбаатар хотын хөрсний бохирдолт, түүнийг бууруулах арга”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин” зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн бохир усны цооног, бие засах газрууд, айл өрх, үйлчилгээний газруудын ил, задгай хаясан хатуу, шингэн хог хаягдлууд, нүүрс, машины түлшний шаталтаас ялгарах хортой бодисуудаас шалтгаалдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд шууд ба шууд бус замаар нөлөөлдөг байна. Жишээлбэл, бохирдсон хөрс шороон дээр хүүхэд тоглох, бохирдсон хөрсний усыг уух, хөрсөнд ургасан жимс ногоог хэрэглэх гэх мэт. 

Нийслэл хотод жилдээ 800-850 мянган тонн ахуйн хог үүсдэг бөгөөд орон сууцны нэг иргэн өдөрт 310 гр, гэр хороололын нэг иргэн 980 гр хог нэмдэг гэсэн судалгааны дүн ч гарчээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг /2013-2016 он/ гарган ажиллаж буй талаараа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл танилцуулсан.

Харин мэргэжлийн хяналтын байгууллагынхан 9 дүүргийн 54 тогтоогдсон цэгээс жилд 2 удаа хөрсний дээж авч, нян судлал, химийн шинжилгээ хийж, бохирдлын түвшинд үнэлгээ өгдөг байна. Энэ судалгаагаар хөрсөн дэх хар тугалгын хэмжээ өссөөр байгаа аж.  

Хөрсийг бохирдлоос хамгаалах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзлүүлж буй хүчин зүйлийг багасган, өвчлөл, эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүний тулд төр, засгийн бодлого, зорилтыг орон нутгийн засаг захиргааны нэгж бүхий дүүрэг, хороодын ажилтай уялдуулан зохицуулах үүднээс дараах 3 илтгэлийн хүрээнд тус хэлэлцүүлэгийг өрнүүлж байгаа юм.

Мөн иргэд болон төрийн байгууллагуудын өмнө ямар хэрэгцээ шаардлага тулгарч байна вэ, түүнд тулгуурласан өөрөөр хэлбэл нийгмийн шаардлагад нийцсэн сургалтыг дүүрэг бүрт зохион байгуулахаар төлөвлөж, эхний уулзалтыг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгаа ажээ.