Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Акихико Танака: Бид Монгол Улстай харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэж байна

Д.Гэрэлцэцэг
2014 оны 4 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Акихико Танака

Баасан гаригийн зочноор Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Жайка”-гийн ерөнхийлөгч Акихико Танакаг урилаа.

Манайд анх удаа хөл тавьж буй Акихико Танакагийн “Хямралаас хойшхи дэлхий”, “Шинэ дундад зуун, XXI зууны дэлхийн систем”, “Ази дахь Япон-Япон ба Азийн олон улсын улс төр” зэрэг олон ном, өгүүлэг нь англи, япон хэл дээр хэвлэгдэж байжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-гийн ерөнхийлөгч Монголд анх удаа айлчилж байгаа нь олны анхаарлыг их татаж байгаа. Юуны өмнө өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би Токиогийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Дараа нь АНУ-ын Массачусеттсийн технологийн институтид улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Токиогийн их сургуулийн олон улсын харилцааны албаны захирал, Токиогийн их сургуулийн дэд захирлын албыг тус тус хашиж байлаа.

Мөн Ерөнхий сайдын дэргэдэх “Аюулгүй байдал батлан хамгаалахын зөвлөл”, “Батлан хамгаалах яамны шинэчлэлийн зөвлөл” болон “Аюулгүйн байдлын бодлогын хууль зүйн зөвлөл”-ийн гишүүнээр ажилласан. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Жайка”-гийн ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна.

-Хэдийгээр богино хугацаанд айлчилж байгаа ч Монгол орон, монголчуудын талаар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 -Их таатай байна. Хэдийгээр миний айлчлал богино хугацаатай ч Монгол Улсын эдийн засаг үнэхээр хурдацтай, эрч хүчтэй хөгжиж буйг өөрийн биеэр мэдэрлээ. Олон барилга, байгууламж баригдаж байна. Энэ нь эдийн засаг хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл юм. Мөн миний уулзсан хүн бүхэн өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байгааг харахад сайхан байлаа. Энэ бүгд надад их сайхан санагдсан. Харамсалтай нь Улаанбаатар хотоос гарч, хөдөө орон нутгаар явж чадсангүй. Гэхдээ Монголын мал аж ахуй, байгалийн баялаг гээд олон зүйлийн талаар багагүй мэдлэг, мэдээлэлтэй болсон.

-“Жайка”-гийн төслүүд хэрхэн амжилттай хэрэгжиж байгааг харахад танд таатай байсан байх?

-Монголд хэрэгжиж байгаа төслүүд болон “Жайка”-гийн үйл ажиллагааны талаар монголчууд өндөр сэтгэгдэлтэй байгаад тун их баяртай байна. Би Монгол, Японы төвөөр зочилж, Нарны гүүр, Нарны зам болон дунд сургуулиудтай танилцаж сонирхлоо. Японы засгийн газар, “Жайка”-гийн үзүүлж байгаа тусламж, хамтын ажиллагааны үр дүн  нь Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна. Ингэснээр монголчуудын аж амьдралд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа нь сайхан байна.

-“Жайка” одоогоор манай ямар салбаруудад түлхүү анхааран ажиллаж байна вэ? 

-Мэдээж эдийн засгийн огцом өсөлтийн хажуугаар баян, ядуу, хот, хөдөөгийн ялгаа нэмэгдэх, байгаль орчны асуудал хурцдах зэрэг нь гарцаагүй. Миний хувьд Монгол байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар ашиглахаас гадна, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үйлдвэрийн төрлүүдээ олон болгож төрөлжүүлэх шаардлагатай. Ажлын байр нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна.

Ингэснээр энгийн иргэдийн аж амьдрал дээшлэх нь дамжиггүй. Хүн амын дийлэнх нь Улаанбаатар хотод төвлөрсөн учир хотынхоо чадавхийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Энэ утгаар “Жайка” Монголд үзүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх гурван чиглэлээ тогтоосон байдаг

Нэгдүгээрт, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах буюу засаглалыг сайжруулан, бэхжүүлэх. Хоёрдугаарт, хүн бүхэнд өгөөжтэй хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэх гэсэн тэргүүлэх салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

-Манайд амжилттай хэрэгжүүлсэн төсөл олон уу?

-“Жайка” нь Японы засгийн газрын гадаадад үзүүлэх зээл тусламж, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг олон улсын байгууллага. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас цар хүрээний хувьд дэлхийд тэргүүлдэг юм. Монгол Улс зах зээлд шилжсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Үүний нэгэн жишээ нь дулааны IV цахилгаан станц. Тус станцын технологийн шинэчлэл хийхэд 20 гаруй жил хамтарсаар ирсэн.

Мөн бага, дунд сургууль, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг хэлж болно. Монгол, Японы хүний нөөцийг хөгжүүлэх төв гэж бий. Айлчлалын үеэр эдгээр төсөл нь олон хүнд үр шимээ хүртээж байгааг харлаа.

-“Жайка”-гийн анхны мэргэжилтэн Монголд 1990 онд ирж байсан. Энэ хугацаанд Монголд хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол?

-Япон улсаас 2012 он хүртэлх үзүүлсэн тусламж, хамтын ажиллагааны нийт дүн 2.1 тэрбум ам.доллар. Үүнээс зээл 773 сая ам.доллар, буцалтгүй тусламж нэг тэрбум ам.доллар, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр 365 сая ам.доллар болж байна. Мөн 1999 оноос хойш Монгол Улсад 55 дунд сургууль, 668 анги танхим барьж байгуулсан байдаг.

-“Жайка” хүний нөөцийг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлсээр байгаа юу?

-Япон улсад сургалтад хамрагдсан хүний тоо 3595 байна. Төрийн албан хаагч, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг “Жайка”-гийн сургалтад хамруулж Японд туршлага солилцуулсан. Харин сайн дурын гишүүдийн хувьд 1990-2012 он хүртэл 544 япон залуус, ахмад гишүүд Монголд ирж ажилласан байна.

-Япон, Монголын хамгийн том хандивлагч. Манай эдийн засаг тэр дундаа уул уурхай хурдацтай хөгжиж байгаатай холбоотой цаашид Японоос үзүүлэх хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэмжээг багасгах талаар ярих болсон. “Жайка”-гийн манай дахь үйл ажиллагаа хумигдахгүй биз дээ?

-Бид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөө цаашид хамтран ажиллана. Монгол Улсад буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэхээс гадна хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхийн тулд чадах чинээгээрээ хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлэх хэрэгтэй. Сүүлийн үед Японы хувийн хэвшил, пүүс, компаниуд Монголыг их сонирхох болсон. Үүнтэй холбоотой бид эдгээр компанитай хамтран ажиллаж, харилцан ашигтай харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Монгол дахь бизнесийн боломжийн талаар судлахад нь тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлж байгаа.

-Цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсад их, дээд сургуулиудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг дэмжиж ажиллана. Нөгөөгтэйгүүр бага, дунд боловсролын төвшинд ч гэсэн хамтарч ажиллах болно. Үүний зэрэгцээ сургуулийн программ багшлах арга зүй дээр техникийн туслалцаа үзүүлж байсан. Цаашид ч түлхүү анхаарч ажиллах болно.

Дээд боловсролын салбарын хувьд өнгөрсөн гуравдугаар сард Монголын Засгийн газартай инженерийн дээд боловсролыг сайжруулах зээлийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэ нь инженер бэлтгэх, тэдэнд заах багш нарыг чадваржуулахад түлхүү анхаарч, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нэлээд хэдэн Японы их, дээд сургууль Монголын сургуультай хамтын харилцааны холбоотой болсон.

Цаашид хоёр орны их, дээд суруулиуд хамтарч шинжилгээ судалгааны ажил хийхэд туслалцаа үзүүлнэ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Японд Монголыг сонирхож байгаа үйлдвэр, компаниуд байгаа. Тиймээс энэ хүмүүсийг хооронд нь холбож, бизнесийн орчинг нь яаж сайжруулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

-Танайх олон төсөл хэрэжүүлж байгаагийн нэг нь Монголд метро барих. Энэ төсөл ямар шатандаа явж байна вэ?

-“Жайка”-гийн цаашдын үйл ажиллагаа илүү эрч хүчтэй, амьд байх болно. Улаанбаатар хотын чадавхийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд метро барих асуудал орж байгаа. Метро барих нь богино хугацаанд хэрэгжих төсөл биш.

Тиймээс энэ асуудалд урт хугацаанд, нухацтай хандах хэрэгтэй. Хэзээнээс яаж хэрэгжихийг Монголын Засгийн газартай зөвшилцөж байж шийднэ. Монголын Засгийн газраас хийж, хэрэгжүүлэх ажил олон бий. Үүнээс хамаарч бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ. Монгол цаашид хөгжих боломж бололцоо маш их байна. Та бүхнийг гэрэлтэй сайхан ирээдүй хүлээж байна гэдгийг энэ дашрамд хэлэх хэрэгтэй.

Зураг