Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украйны арми

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг

Украйны хямрал эцэстээ иргэний дайн, тэр байтугай их гүрнүүдийн мөргөлдөөнд ч хүргэж болзошгүй ноцтой байдал үүссэн тухай хэвлэлүүд мэдээлсээр байна.

ОХУ тус улсын зүүн хилд байрлуулсан 40 орчим мянган цэргээ эгүүлэн татахыг АНУ, Европын Холбоо, НАТО шаардаж байгаа ч Москва зөрүүдэлсээр. Украйн ч болзошгүй халдлагаас сэргийлж байлдааны бэлэн байдалд шилжин, цэрэг татлага явуулж бараг дууслаа.

45 сая хүнтэй тус улсын цэрэг, зэвсгийн хүчин чадал ямар түвшинд байгаа талаар гадаадын хэвлэлүүд бичсэнийг товчлон хүргэе. ЗХУ-ын задралын дараа Украйн агуу, хүчирхэг армийг хүлээн авсан түүхтэй.

Тус улсын нутаг дэвсгэрт пуужин, агаараас эсэргүүцэн хамгаалах, тэнгисийн цэрэг, танк, армийн корпус, Хар тэнгисийн флот бүхий цэргийн гурван тойрог хэвээрээ үлдсэн байна. Одоо харин ямар байна вэ?

АРМИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН

Тусгаар тогтнолоо зарласны дараа арми нь 780 мянган хүнтэй, 6,5 мянган танк, 7000 хуягт, 1,5 мянган нисэх онгоц, 350 гаруй усан онгоцтой байжээ. Мөн тив алгасах 176 балластик пуужин, 46 хүнд бөмбөгдөгч, цөмийн хошуу тээгч 222-ыг ЗХУ-аас өвлөж авсан байна. 

Харин одоо 130 мянган цэрэг, офицертой, тив алгасагч балластик пуужин, цөмийн цэнэгт хошуу, хүнд бөмбөгдөгч онгоцгүй болжээ. Мото буудлагын болон танкийн бригадын тоо буурч 773 танк, 1200 хуягттай үлдсэн байна. Байлдааны усан онгоц ердөө 10-тай. Гэхдээ л Европдоо бие бүрэлдэхүүний тоогоор томоохонд тооцогдсон хэвээр байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨСӨВ

Энэ онд Украйны Батлан хамгаалах яамны төсөв 14,559 тэрбум гривн болсон нь өмнөх жилтэй харьцуулахад 4,9 хувиар буурчээ. Төсөв, санхүүгийн байдал хүнд байгаа учир Засгийн газар нь хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж аваад ч батлан хамгаалах салбартаа боломжийн хэмжээний төсөв хуваарилж чадахгүй байгаа нь үнэн.

Энэ онд зэвсэглэл, техникт зарцуулах хөрөнгийг 919 сая гривн буюу 114,8 сая ам.доллараас 463 сая гривн буюу 57 сая ам.доллар хүртэл бууруулах төлөвтэй байна. Сүүлийн долоон жил үргэлжилж байгаа энэ хүндрэл Зэвсэгт хүчин, улс орны батлан хамгаалах чадварт муугаар нөлөөлжээ. Үүнээс болж арми өмнөө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадахгүйд хүрээд байна.

ҮНДЭСНИЙ ГВАРДИ

Өнгөрсөн сарын дундуур Дээд Рада Үндэсний гварди байгуулах шийдвэр гаргасан. 33 мянган хүн, түүний дотор 30 мянган цэргийн албан хаагчдаас бүрдсэн гварди улс орны дотоодын дэг журмыг ханган, хил хязгаараа хамгаалж, терроризмтэй тэмцэх юм.

Хэдийгээр төсвөөс хөрөнгө гаргаж байгаа ч жилд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатайг хэн ч хэлж мэдэхгүй байна. Алба хаагчдынх нь тооноос үзвэл Үндэсний гвардид зарцуулах хөрөнгө төсөвт нь нэлээд дарамт учруулах бололтой. 

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЗАРДАЛ

Крым, Севастопольтой холбоотой үүссэн хямралын улмаас өнгөрсөн сарын 17-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу 45 хоногийн дотор 40 мянган хүнийг цэрэгт татаж дуусч байна. Үүнд зарцуулагдах 1,9 тэрбум гривн буюу 183 сая ам.долларыг нөөцөөс гаргаж Батлан хамгаалах яам, Дотоодын цэрэг, хилийн албанд хуваарилжээ.

Украйнчууд мөн балластик пуужин, хүнд бөмбөгдөгч онгоцнуудаа устгаж оронд нь АНУ зэрэг орноос санхүүгийн тусламж авсан, Хар тэнгисийн флотод байсан хоёр ч усан онгоцоо хэрхэн “мартсан” зэргийг ч гадны хэвлэлүүд бичжээ.

Зураг