Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Үлэг гүрвэлийн ясанд анхаарлаа хандуулж суухаар ХҮНЭЭ анхаараач !!!"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд ихээхэн хүндрэл учруулж байгаа нь нууц биш.

Хэдхэн сарын өмнө 1800 төгрөг байсан сүүний үнэ өнөөдөр 2400 болсон нь наад захын жишээ.

Гэтэл иргэдийн авч байгаа цалин хөлс бахь байдгаараа байгаа нь зарим салбарын ажилчдыг уриа лоозон барьж, жагсахад хүргээд байна.

Тухайлбал, Монголын соёл урлагийн байгууллагын ажилчид  өнөөдөр салбарын яамныхаа гадаа жагсаж, Ц.Оюунгэрэл сайдад цалин нэмэх шаардлагыг хүргүүллээ.

Энэхүү жагсаалд Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театр зэрэг байгууллагын 500 орчим уран бүтээлч, ажилтан оролцсон юм.

Тэдний тавьж байгаа гол шаардлага нь цалин нэмэгдүүлэх бөгөөд шаардлагынхаа хариуг энэ сарын 29-нд авна гэлээ.

МУГЖ Ө.Уянга: САРЫН 423 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН ХААНАА Ч ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА

-Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд сарын дундаж цалин хэдэн төгрөг байгаа вэ?

-423 мянган төгрөг. Энэ бол 10 жил ажилласан уран бүтээлчдийн цалин. Залуу уран бүтээлчид үүнээс ч бага цалин авдаг. Тэгээд сард хоёр хувааж авна. Өнөөдөр амьдралын өртөг ямар болсон билээ. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бидний цалин хаана ч хүрэхгүй байна. Ийм байхад сонгодог урлаг байгаад хэрэг байна уу.

МУГЖ Ө.Уянга: 423 мянган төгрөг. Энэ бол 10 жил ажилласан уран бүтээлчдийн цалин.

-Танай байгууллагын зүгээс цалингаа хэдэн хувиар нэмүүлнэ гэсэн шаардлага тавьж байна?

-50 хувь нэмэх хэрэгтэй. Дор хаяж бидний цалинг 800 мянган төгрөг болгож байж өнөөдөр амьдралд хүрэлцэх төдий болно.

Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилтнуудын хувьд ихэнх нь цалингийн зээлтэй, банкинд лизингтэй. Бидний байдал үнэхээр хүндхэн байгаа болохоор өнөөдөр ийнхүү жагсаж, салбарын яаманд шаардлага хүргүүлж байна.

Түүнээс биш ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй.

МУГЖ Г.Мягмарнаран: ТӨР ИЧИХГҮЙ БОЛ БИД ИЧИХГҮЙ

-Өнөөдөр би үгээ хэлэхээс аргагүй байдалд хүрлээ. Гэхдээ ямар нэгэн шоу хийх гэсэнгүй. Тулгарсан асуудлаа ярих гэж энд ирлээ.

 Урлагийн ажилтнууд өнөөдөр хөдөлмөрийн үнэлэмжээ хамгийн доогуур үнэлүүлж байна. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш дорвитой ажил хийсэнгүй. Салбарын ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн хангамжийг сайжруулсангүй.

Н.Алтанхуяг сайдаа бид тантай уулзмаар байна. Таныг чилээхгүйн тулд бид өөрсдөө очоод уулзъя. Та зөвхөн цаг гарга.

Энэ дашрамд, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж нэг зүйлийг хэлмээр байна. “Н.Алтанхуяг сайдаа бид тантай уулзмаар байна. Таныг чилээхгүйн тулд бид өөрсдөө очоод уулзъя. Та зөвхөн цаг гарга”.

Түүнчлэн төр соёл урлагийн салбарыг элгээр нь мөлхүүлэхдээ ичихгүй байгаа бол бид  ч гэсэн ичихгүй гэдгээ хэлмээр байна гэсэн юм.

Энэ мэтчлэн уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойг хүргэсэн бөгөөд жагсаал зохион байгуулагчидтай ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал уулзсан юм.

Тэрбээр энд хэлэхдээ “Цалин нэм гэсэн дариуд нэмэх боломж байхгүй. Бид тодорхой хугацаанд судалж үзэж байж энэ асуудлыг шийдэх болно. Судалгааг хэдийнэ эхэлсэн байгаа” гэсэн юм.

Харин түүний хийсэн мэдээллийг уран бүтээлчид эрс эсэргүүцсэн бөгөөд “Хэчнээн жил судалдаг юм бэ. Бидний амьдрал та бүхний нүдэнд ил тод байгаа шүү дээ. Ер нь Ц.Оюунгэрэл сайд үлэг гүрвэлийн ясанд анхаарч суухаар уран бүтээлчдээ, хүнээ анхаараач” хэмээж байлаа.

Түүнчлэн энэхүү жагсаалын үеэр Ардын жүжигчин Д.Самбуу гуай өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “Та бүхэн их урлагийг хошин шогийн хамтлаг, зохиолын дуучидтай хамтатгаж ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү” гээд Монголын соёл урлагийн салбарт шинэчлэл, хөрөнгө шаардлагатай байгааг дурдлаа.