Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёр настай эх Британичуудыг алмайруулав

Н.Мөнхжин
2014 оны 4 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Британичууд энэ өдрүүдэд улс орны түүхэн дэх хамгийн залуу эхийн хувийн амьдралыг хэвлэлээр ширүүхэн хэлэлцэж байна.

Нэрийг нь нууцалж буй нэгэн охин 12 нас гурван сартайдаа хүүхэд төрүүлж, ээж болжээ. Гэтэл шинэхэн эцэг нь дөнгөж 13 настай байсан нь гал дээр тос асгасан хэрэг болов.

Ийм эрт насандаа ээж болдог удам судар энэ гэр бүлд байгаа бололтой. 12 настайдаа хүүхэд төрүүлсэн охин нь ээжийгээ 14 настай байхад хорвоод мэндэлж байсан аж.

Сурагчид нэг жилийн өмнөөс үерхэж байжээ. Охин хөл хүнд болсон ч тэд салаагүй байна. Нэн залуу эцэг эх охиноо өвөө, эмээгийнх нь тусламжгүйгээр өсгөнө гэж байгаа бөгөөд хэдэн жилийн дараа гэрлэхээр зэхэж байгаагаа дуулгав. Гэвч Британийн хуулиар, 16 наснаас эхлэн гэрлэхийг зөвшөөрдөг тул тэд нэлээд хэдэн жил хүлээх хэрэгтэй болжээ. Залуу эхийн эцэг эх энэ явдалд ихэд тайван хандаж, хүүхдүүдээ дэмжиж байгаа аж.

Энэхүү “шинэ дээд амжилт”-ыг Британийн нийгэм ширүүхэн хүлээж авчээ. Залуу эх охиноо өөрөө өсгөнө гэж байгааг магтан сайшааж байгаа ч жаахан хүүхэд өөрөө хүүхэд өсгөнө гэдгийг таашаахгүй байгаа юм. 12-хан настай хүүхэд ээж болж хүүхэд өсгөхөөр болж байгаад эцэг эхийг нь, буруутгаж байгаа ажээ. 

Зарим шүүмжлэгчийн хэлж буйгаар ийм бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон хөвгүүнийг шийтгэх ёстой бололтой.

Британийн хуулиaр 13 нас хүрээгүй хүнийг хүчингийн хэрэгт татах ёсгүй. Гэвч мань хөвгүүн насанд хүрээгүй охинтой “холбогдсон” хэмээн хэрэгт татагдах магадлал байж болох ажээ. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар, 11 настай охин бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн нь эргэлзээтэй. Залуухан эцэг эхийн аав ээжүүд энэ явдалд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь тэднийг шүүмжлэлээр будахад хүргэж байна.

Хэдийгээр британи охин 12 настайдаа ээж болж олныг шуугиулсан ч дэлхийн рекордыг эвдэж чадсангүй.

Манай гаригийн түүхэнд хамгийн залуугаараа ээж болсон эмэгтэй бол Перугийн харъяат Лина Ванесса Медина юм. Тэрээр 1933 онд таван настайдаа эрүүл саруул хүү төрүүлжээ. Эхлээд эцэг эх нь “Охины минь гэдсэнд хавдар ургаж байна" хэмээн боддог байсан аж.

Гэвч эмнэлэгт аваачиж үзүүлсний дараа тэрээр долоон сартай жирэмсэн болох нь тогтоогджээ. Медина цагаасаа эрт хүүхдээ төрүүлсэн ч эрүүл саруул хүүхэд гарсан билээ. Тэр хүү 40 наслаад хорвоог орхижээ. Харин таван настайдаа ээж болж байсан Медина эдүгээ 80 настай энх тунх амьдарч байгаа бөгөөд хэвлэлд ярилцлага өгөхөөс эрс татгалзсан хэвээр байна.

Зураг