Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэхээр боллоо. Харин "Шилэн данс"-ны хууль...

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. 

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэгджээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Завсарлагын үр дүнгийн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, хуулийн төслийн тооцоо судалгаа дутуу байна, Засгийн газраас санал авалгүй өргөн барьсныг засах, түүнчлэн Засгийн газар танхимын зарчмаар ажиллах учиртай байтал нэг гишүүн нь танхимынхаа саналыг авалгүй хуулийн төсөл санаачлан өргөн барьсан нь энэ зарчимтай нийцэж буй эсэхийг тодруулах үүднээс завсарлага авсан боловч тодорхой хариу авч чадсангүй. 

Гэхдээ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад холбогдох тооцоо судалгааг тодорхой болгоё гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДЛҮҮЛСЭН ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ БУЦААГДЛАА

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн ч буцаагдлаа.

Хуулийн төсөл нь Нийтлэг үндэслэл, Шилэн дансны стандарт, Шилэн дансны хяналт, хариуцлага гэсэн 3 бүлэг, 13 зүйлтэй юм.

Энэхүү хуулийн төслөөр төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Шилэн дансны хуулийг 64 гишүүний 39 нь буюу 60.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.

 Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Су.Батболд, Ж.Батсуурь, Н.Энхболд нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, Ж.Батсуурь, С.Баярцогт нар үг хэлэв.

Харин Ц.Даваасүрэн гишүүн энэ хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай ч тэдгээр төслүүд нь өргөн баригдаагүй байгааг хэлэв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 39 нь буюу 60.9 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.