Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Бэрх зараа”, “Монгол асфальт” тэргүүтэй компаниудыг тендерээс хасчээ

Л. Одончимэг, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж энэ онд ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай, сайжруулсан зуух, түлш хэрэглэх стандарт бүст мөрдөх журмын төсөл, Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж судалгааны ажлын танилцуулгын асуудлыг хэлэлцлээ.

Мөн энэ үеэр нийслэлээс тендер авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанаргүй, хариуцлагагүй ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудыг зарласан нь олны анхаарлыг татаж байсан юм.

ГЭРЭЭ ЗӨРЧСӨН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Х.Энхцэнгэл энэ үеэр Нийслэлээс тендер аваад гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, хугацаанд нь ажлаа дуусгаагүй, чанаргүй хийсэн гүйцэтгэгч компаниудыг олон нийтэд зарлах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Энэ тухай тэрбээр “Эдгээр компанийг олон нийтэд зарлахаас гадна тендерт дахин оролцуулахгүй бөгөөд барилга барих тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Үүнд “Нэмүүт”, “Мот металь”, “Асаатын монгол”, “Монгол асфальт”, “Чи Чи Хор хотын Төлөвлөгөөт инженерийн” ХХК, “Бэрх зараа” гэх мэт компанийг тендерээс хассан. Эдгээрээс гадна гарээгээ зөрчсөн, урьдчилгаа төлбөрөө авсан хэрнээ, ажил үүргээ гүйцэтгээгүй, олон компани бий. Зарим компанийн асуудлыг шүүхээр шийдвэрүүлэхээр болсон” гэлээ.

САЙЖРУУЛСАН ЗУУХ, ТҮЛШНИЙ ЖУРМЫГ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРААС МӨРДӨНӨ

Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ "Сайжруулсан зуух, түлш хэрэглэх стандарт бүст мөрдөх журмын төслийн талаар БОНХЯ энэ журмыг дэмжинэ” гэдгээ мэдэгдсэн.

“Одоо энэ хуралдаанаар нэмэлт саналаа боловсруулаад яам руу явуулна. Бидний өгсөн санал дээр яам өөрсдийн саналыг нэмээд уг журмыг батална. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 156 мянган айл өрхийг сайжруулсан зуухаар хангасан бол оны сүүлээр 170 мянган айлд тараана гэсэн төлөвлөгөөтэй байна. Түгээлтийн явцад цөөнгүй зөрчил гарч байна.

Иргэд авсан зуухаа худалдах, бусдад шилжүүлэх, тухайн байсан газраасаа нүүгээд явчихсан байна. Тиймээс сайжруулсан зуухаа заавал ашиглах, зориулалтын түлш хэрэглэх асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар журамлах шаардлагатай байгаа. Мөн айл өрх стандартад нийцэхгүй зуух аваад байна. Манайд сайжруулсан зуухны стандартыг батласан байдаг. Хийцийн хувьд MNS13240*2011, утааны ялгарлын хувьд MNS54572005 гэсэн стандарт бий. Энэ стандартад нийцсэн зуухыг авч ашиглахыг бид шаардана.

Түүхий нүүрсийг дулааны аргаар боловсруулан гаргаж авсан, азонон үртсэн шахмал түлшийг сайжруулсан гэж үзнэ. Энэ түлш, зуухыг хэрэглэхийг шаардана. Түлш хэрэглэх журмыг ирэх есдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Тиймээс айл өрхүүд энэ хугацаанаас өмнө зуухаа худалдан авах шаардлагатай” гэлээ.

УЛААНБААТАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛНА

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэл-чулуунУлаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломжийг судлах ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НЗДТГ, Эдийн засгийн хөгжлийн газар, МУИС-ийн судлаач багш нар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбогдох мэргэжилтнүүд багтсан.

Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь газар зүйн хувьд хязгаарлагдсан, аюулгүй үйл ажиллагаатай, удирдлага менежментийн хувьд бие даасан, дотоод үйл ажиллагаа нь ашигтай, гаалийн бүсээс тусгаарлагдсан, татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн газрыг чөлөөт эдийн засгийн бүс гэж нэрлэдэг.

Өнөөдрийн байдлаар худалдааны, эдийн засгийн, аж үйлдвэрлэлийн, экспортын чиглэлээр 120 улс, оронд 3500 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хуулиар худалдааны, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн, аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс байж болно гэж заасан.

Манай улсад Алтан булаг, Замын үүд, Цагаан нуур, Чойрын чөлөөт бүс бий. Эдгээр нь чөлөөт бүсийн үзэл баримтлалыг дагаж ажиллаагүйгээс амжилт олоогүй. Өөрөөр хэлбэл, манай улсад үйл ажиллагааны жигдэрсэн чөлөөт бүс байхгүй гэсэн үг. Олон талын судалгаа хийсний үндсэн дээр Улаанбаатар хотод аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн.

Одоо бид Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах асуудлыг холбогдох түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Онгоцны буудлын барилгын ажил эхэлсэн ч түүний дагасан дэд бүтцийн асуудал тодорхойгүй байна. Энэ ажлыг Зам тээврийн яам болон Хот байгуулалтын яам хариуцан ажиллаж байна. 2017 онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орох учраас үүнээс өмнө дагуул хотын ажлыг тодорхой болгох шаардлагатай байна” гэлээ.

Зураг