Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Бурмаа: Манай намын засгийн газар гээд бүхнийг нүдээ аниад өнгөрүүлэх ёсгүй

Б.Энхжаргал, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг

Бүлгийнхээ саналын эсрэг кноп дарж буруутан болоод буй УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт та нарын санал өгсөн байдал олны анхаарлын төвд байна. Та бүхэн яагаад намынхаа бүлгээс өөр санал өгсөн юм бэ?

-Би Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар эрхлэхэд тодорхой хувьтай байя гэдэг дээр санал өгч байсан. УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж болохыг Үндсэн хуулиар заасан байдаг л даа. Гэхдээ одоогийн нөхцөлд Засгийн газрын гишүүн нь бүгдээрээ Их хурлын гишүүн болчих юм бол парламентын засаглал гэдэг утгаа алдаад байгаа.

МАН-ын буюу сөрөг хүчний зүгээс үндсэн чиг үүргийн сайд нь давхар байж болно гэдэг санал гаргасан учраас би дэмжсэн.

Их хурлын 39 гишүүний 20 нь сайдын албыг давхар хаших юм бол парламентын зүгээс гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооцох чадамжгүй болно. Тиймээс би Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байсан.

Энэ чигтээ зөвхөн Ерөнхий сайд нь Их хурлаас байгаад кабинетынх нь гишүүд гаднаас байх юм бол манай нөхцөлд таарахгүй учраас, хувийг нь нэмбэл яасан юм бэ гэдэг санал өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь давхар байгаад, 50 хувь нь гаднаас байя гэдэг санал. Гэтэл бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ саналыг буцааж татсан. Харин МАН-ын буюу сөрөг хүчний зүгээс үндсэн чиг үүргийн сайд нь давхар байж болно гэдэг санал гаргасан учраас би дэмжсэн.

Мөн 2014 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхийг дэмжсэн байгаа. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр УИХ нь Их хурал шигээ ажиллая. Засгийн газартаа Их хурал нь хяналт тавьдаг, шахаж ажиллуулах шаардлага үнэхээр гарч байна.

Эдийн засгийн байдал хүнд байгаа. Гэтэл давхар дээлтэй ажиллах ямар байгааг сэтгүүлчид та бүхэн ч гэсэн харж байгаа байх. Наад зах нь сайдууд Их хурлын чуулганд идэвхигүй ханддаг, санал хураалтад ч ач холбогдол өгдөггүй.

"Нэгэнт Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжихгүй яадаг юм" гэсэн байдлаар хандаж байна. Эрх мэдэл хуваарилах зарчим ч тэр, Их хурал нь хяналт тавих тал дээр ч ингэж нөлөөлөөд байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл түүнийг заавал 2016 он хүртэл хүлээлгэх ямар шаардлага байгаа юм. Харин үндсэн чиг үүрэг нь Их хурлаас, бусад сайдууд гаднаас ороод ирвэл сайн ажиллана гэж харж байна.

-Тэгэхээр та хяналтгүй байгаа учраас одоогийн Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна хэмээн дүгнэж байгаа юм уу?

-Дан давхар дээлийн тухай яриад хоёр cap гаруй болж байна. Одоогийн бүрэлдэхүүнээрээ Засгийн газар ажиллаад, ард иргэдийн амьдралыг сайжруулсан тоймтой саналууд оруулж ирэх болов уу гэж энэ хугацаанд харсан. Нэг талаараа дан, давхар дээлийн тухай яриа Засгийн газарт ажлаа эрчимжүүлэх дохио, эрчимтэй ажиллахыг шаардаж байгаа хүлээлт байсан юм. Гэвч би сэтгэл хангалуун бус байна. Ард түмний хүлээж байгаа тэр хэмжээнд энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байна. Би Өргөдлийн байнгын хорооны дарга.

Их хурлын гишүүн, Засгийн газрын сайд давхар хийж байгаа тал дээр бодлогын яамд үлдээд, бусад нь больё гэдэг үүднээс 2016 оныг хүлээх шаардлагагүй гэж бодож байна.

Өдөр бүхэн ард түмний амьдрал хүнд байгаа тухай өргөдөл, санал шүүмжлэлийг уншиж байна. Тиймээс Ардчилсан намын өөрийнх нь байгуулсан хамтарсан Засгийн газар нь залгамж чанараа аваад яваг. Харин Их хурлын гишүүн, Засгийн газрын сайд давхар хийж байгаа тал дээр бодлогын яамд үлдээд, бусад нь больё гэдэг үүднээс 2016 оныг хүлээх шаардлагагүй гэж бодож байна.

-Ерөнхийлөгч санаачилсан төсөл дээрээ 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүнийгээ “Улс төрийн намуудад бэлтгэх хугацаа олгох үүднээс” гэж тайлбарласан л даа. Засгийн газрын гишүүдээ гаднаас бүрдүүлээд гүйцэтгэх засаглалын кабинетаа байгуулахад одоогийн улс төрийн намууд бэлэн байна уу?

-Хэрвээ Засгийн газраа 100 хувь гаднаас бүрдүүлэх тохиолдолд энэ асуудлыг ярьж болно. Шинэ Засгийн газар байгуулагдана, залгамж чанар яах билээ гэх мэт асуудлууд байсан л даа. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавин, бэлтгэлтэй болж байгаад дан, давхар дээлээ ялгаж зааглах хэрэгтэй байх гэж бодож байсан.

Гэхдээ одоогийн Засгийн газрын залгамж чанар нь хадгалагдаж үлдээд, бодлогын яамд нь Их хурлын гишүүнээ давхар аваад явчих боломжтой нөхцөлд заавал 2016 оныг хүлээх шаардлагагүй. Энэ бол Засгийн газрыг огцруулах асуудал биш шүү дээ. Үүн дээр Их хурал нь илүү хүчтэй болж Засгийн газрыг шахаж ажиллах нөхцөл бүрдэж байна. Тиймээс үлдэж байгаа хоёр жилийн хугацаандаа засаглалын зөв хэлбэрээрээ ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газрыг УИХ-аас бүрдүүлж байгаа нь нэг талаараа тогтвортой байдлыг бүрдүүлэхийн тулд гэж тайлбарладаг. Хэрэв одоо хууль батлагдаад Засгийн газрын дийлэнх гишүүнийг гаднаас оруулж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хэт популизм хийгээд, Засгийн газрыг ажил хийх нөхцөлөөр хангахгүй болчихвий гэсэн болгоомжлол байгаа байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Өнөөдрийн баталсан хуулиар Их хурлын гишүүд нь бодлогынхоо яамдыг толгойлох боломж үлдсэн шүү дээ. Тэгэхээр Их хурал, Засгийн газар хоёр уялдаа холбоотой ажиллах боломж байна гэсэн үг. Өөр гацаагаад байх ямар шалтгаан байгаа юм. Харин ч илүү боломжтой болж байна гэж харж байгаа.

-Энэ хууль батлагдлаа гэхэд Үндсэн хууль зөрчихгүй юу. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар давхар ажиллаж болохыг Үндсэн хуульд заачихсан шүү дээ?

-Харин ч Үндсэн хуульд байгаа заалтыг өнөөдрийн санал хураалт хангаж өглөө гэж бодож байна. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нь Их хурлын гишүүн байж болно, бусад нь гаднаас гэвэл Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө гэх асуудал гарах байсан. Засгийн газрын бүрэлдэхүүний хэдэн хувь нь УИХ-аас бүрдэх вэ гэдгийг тогтоох эрх нь Их хуралд хадгалагдаж байгаа. Тэгэхээр Их хурал бүрэн эрхээ эдэллээ, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхээ эдэллээ. Бид бол зөвхөн Ерөнхий сайдаас гадна Их хурлын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийж болно гэсэн хуультай нийцүүлж хуульчиллаа.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд бүгд дэмжиж байгаа. Гагцхүү хэрэгжүүл эх хугацаан дээр байр суурь зөрж байсан л даа. Танай намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Манай бүлэг нэгдсэн байр суурьтайгаар 2016 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа" гэж мэдэгдсэн. Гэтэл та бүхний гаршсан энэ шийдвэр бүлгийнхээ байр суурьтай зөрчихлөө.

-Их хурлын гишүүн гэдэг ард түмний төлөөлөгч. Эх орны, ард түмний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Түүний дараа нам, бүлгийн эрх ашиг тавигдана гэдэг зарчмыг би баримталдаг. Тиймээс бүлгийн хурал дээр ч гэсэн санал зөрүүтэй байгаагаа хэлж л байсан. Улс орноо авч явах, эдийн засгаа эрчимжүүлэх бодлого цаашаа яаж явах вэ, улс орны байдал хүнд, ард түмний дунд хүлээлт их байна гэдгээ хэлсэн.

Олонхийг дагаж бүх гишүүн амаа үдүүлдэг, кнопчин бай гэсэн зарчим байж таарахгүй. Тиймээс намайг намын байр сууриас зөрлөө гэж хэлэх шаардлагагүй.

Энэ чиглэлээр ойрын хугацаанд, даруй хийх ажил чинь харагдахгүй байна гэж шүүмжилж байсан л даа. Манай намын бүлгийн хувьд нээлттэй ярьдаг. Түүнд бүгдийг хайрцаглаад, зуун хувь саналыг нь нэгтгээд байгаа зүйлгүй.

Харин ч болохгүй, бүтэхгүйгээ хэлж, түүнийгээ санал хураалтаар илэрхийлж чаддаг эрүүл нам. Түүнээс биш олонхийг дагаж бүх гишүүн амаа үдүүлдэг, кнопчин бай гэсэн зарчим байж таарахгүй. Тиймээс намайг намын байр сууриас зөрлөө гэж хэлэх шаардлагагүй.

Энэ бол Засгийн газрыг хангалттай ажиллаж чадахгүй байна гэдэг дээр өгч байгаа үнэлгээ, үйл ажиллагаагаа сайжруул гэж буй шаардлага. Түүнээс биш зөрж санал өгсөн гишүүд өөрсдөө сайд болох гэсэн санаа агуулаагүй нь ойлгомжтой.

Сайд болох гэсэн хувь хүний хүслээс илүү Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шигээ ажилладаг, түүнд нь парламент нь хяналт тавьж чаддаг тэр механизм руугаа орох шаардлага л тавьсан. Манай намын Засгийн газар гээд бүхнийг нүдээ аниад өнгөрүүлэх ёсгүй.

Зураг