Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мунзуй хочит Г.Нямдорж шоронгоос захидал бичжээ

Өглөөний сонин
2014 оны 4 сарын 18
MorninigNews.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний найз гэгдэх Мунзуй хочит Г.Нямдорж нарын шуугиан өнөөг болтол дуусаагүй байгаа билээ. Мунзуй хочит Г.Нямдорж олон нийтэд хандан Хорих 461 дүгээр ангиас захидал бичсэнийг сийрүүлэн, бүрэн эхээр нь хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт 

УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын хүсэлтээр Мон­гол Улсын нийт хүн амын дунд хамгийн муу хүн тодруулах уралдаан зарлаад явж байгаа юм байна. 

Тэр уралдаанд нь сэт­гүүлч нар оролцож “Муу муухайн туйл бол Мунзуй хочит Г.Нямдорж мөн” гэсэн нэгдсэн ойлголтыг хуу­лийнхан болон нийт ард түмэнд хүргэхээр үзэгний хурцыг барин ажиллаж байгаа бололтой. 

Миний бие худал хуур­магийн золиос болоод 461 дүгээр хорих ангийн А-2-8 тоотод хоригдож байхдаа сонин, сэтгүүл үзэх юм. Тэр болгонд Муур багш, хулгайч, худалч, дээрэмчин, эхээс төрөхдөө адгийн шаар байсан л гэх холгүй юм бичээд байна. Би муу хүн байж болно.

Гэхдээ надаас долоон дор амьтан УИХ-ын танхимд “Муур багш” царайлаад сууж байгааг хэлэх гэж хэвлэлд хандлаа.
Намайг Ганбаатарын Нямдорж гэдэг. Дөчин мянгатад хүн болж өссөн гэхэд болно. Багаасаа өнчирч, хатуу ширүүн амьдарлыг өөрийн зориг зүрхээр туулж ирсэн. Надад алдсан алдаа бий. 

Гэхдээ түмэн олны өмнө хийсэн алдаа байхгүй. Ха­рин өөрөө өөрийгөө шо­рон руу чирсэн алдаа бий. Миний бие дунд сургуулиа дүүргэлгүй хүүхэдтэй болж АНУ руу зугтааж байсангүй. АНУ-д хүн зодож, хар тамга даруулж байсангүй. Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй, 

Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хү­чиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмений хүүх­дэд атаархаж зодож нү­дэж, толгой дээр нь шээж бай­сангүй. Бугын зуулт гэдэг ха­чин зүйл хүртэл хар­маалж, эмэгтэй хүнийг тарч­лааж байсангүй.

Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Зас­гийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж яв­сангүй. Миний бие олон зүй­лийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм ху­дал хэлж чадахгүй. Нэг тан­химд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй. 

Ганбаатарын Нямдорж миний бие эхээс төрөхдөө галт тэргээр дүүрэн алт зэс, нүүрс өвлөж төрөөгүй. Гадаад улс оронд хаус худалдан авч, Монгол Улсад нисдэг тэргээр зугаацах бэл бинчинтэй биш. Хэвлэл болгонд хаалтын гэрээ хийж чадахгүй, бас дуртай үедээ бусад руу та бүхнийг дай­руулж чадахгүй. Дээд тэнгэрээс заяатай гэж өөрий­гөө боддог луйварчид хэв­лэлийнхэн крантны ус шиг элбэг мөнгөнөөсөө хэвлэлд утгаж өгдөг биз.

Би Н.Номтойбаярт ит­гэдэг байсан. Миний найз юм байна. Эр улс нөхөрлөж явна гэж боддог байв. Гэтэл тэр бааранд хүн хутгалчихаад над руу чихсэн. Олон арван гэрчтэй юм чинь хуулийнхан үнэн зөвөөр шийднэ биз гээд хаячихсан. 

Гэтэл сүүлдээ би бу­руутаад эхэлсэн. Намайг эхлээд “Догшин авирласан” гэж буруутгасан. Бухимдсан хүн хашгичсан байж таарна.Н.Номтойбаяр ч гэсэн хамаг муу муухай хараал урсгаад хутга барин дайрсан биз дээ.

Миний найзыг хутгалсан Н.Номтойбаярын өмнө хууль хүчгүйдсэн. Хууль “үйлд­вэрлэдэг” болохоор хууль биелүүлдэггүй байж таарах уу. Сүүлдээ бүр гэрч байх ёстой миний бие гэмтэн болох дээрээ тулаад байна. Прокурорын газраас Н.Номтой­баяр бид хоёрт эрүү­гийн хэрэг үүсгэсэн бай­даг. “Гарьд Магнай” кинон дээр “Бүгдээрээ хар­лаа, үзлээ. Үүнээс илүү яах юм бэ” гэдэг шиг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэдгийг хуу­лийнхан сайн мэдэж байгаа шүү дээ. 

Миний бие хэвлэл мэ­дээллийг маш шуурхай ажилладаг гэдгийг мэдсэн. Намайг 461 дүгээр анги руу ачигдах гэж байхад “Мунзуй” Нямдорж мө­рийтэй тоглож байгаад ба­ригдлаа. Машинаас нь хар тамхи гарлаа” гээд бичсэн. Тийм зүйл гарна гэж мэдэж байсан хэрэг үү. 

Юу болсон бэ гэвэл DHL ресторанд на­майг очиход хэдэн залуу гурав хоног дээрээ байцгааж байна гээд пиво ууж суусан. Мөрийтэй тоглоом тоглоогүй байсан. Гэтэл сүр сархийгээд цагдаагийнхан ороод ирсэн.

Шууд л машин тэрэг нэг­жинэ гэхээр нь миний бие “Цагдаа нараа гар хуруугаа сайн харуулаарай. Янз бүрийн юм шургуулж орхив” гээд гар чийдэн тусгаад гэрч дуудсан. Миний бие ингэж ажилласны дүнд хар тамхи, буу зэвсэг гараагүй. Яагаад хэвлэлийнхэн хар тамхи, буу зэвсэг олдсон мэтээр буруу мэдээлэл тараав. Хэн худал мэдээ өгөв гэдэг нь сонин байна.

Намайг цагдаад бариг­дангуут яасан их муулав. Ингэж муулахад байгалийн баялаг, эрдэнийн хувь хишиг тараасан юм биз гэж хардахад хүрсэн юм. Миний бие гэнэт цагдаа ирсэн, машин нэгжсэн, мэдээлэл гарсан зэргээс харахад зохион байгуулалттай гэдэг нь тодорхой байлаа гэж. УИХ-ын гишүүн Н.Номтой­баярын хүн хутгалсан хэр­гийг саар­магжуулах гэсэн арга хэм­жээ байсан. Монгол Улсын шүүх засаглал бид хоёр Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол хурдан шийдээд өгөөч. 

Мунзуй хочит Г.Нямдорж

Миний бие нэрээ цэ­вэрлэж авмаар байна. Н.Ном­тойбаяр гэдэг хүн холбогдсоноос хойш эцэг эхээс заяасан нэрээ хүртэл мартав. Нохой, муур болон хувирав. УИХ-ын гишүүн бол хүн, би нохой юм уу. Мөнгөтэй хүнд хууль үйлчилэхээ байсан гэдэг нь үнэн. Надаас гадна 5-6 хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэргийн талаар мэдээлсэн. Хэн ч тоож шалгаагүй. АТГ, ЦЕГ-ын ажилтнууд “Хэвлэлд гарсан мэдээллийн мөрөөр шалгахад” гээд сүрхий ярьдаг юм билээ.

Тэр лав худлаа юм билээ. Надад өөрийгөө өмөөрөхөд төлдөг мөнгө төгрөг алга. Гэхдээ энэ байшин нур­чих­гүй бол байж л байна. Хуулийн нөхдөөс “Ямар учраас намайг шалгаад бай­на гэхээр “Дээрээс” гэх юм. Дээр гэдэг нь юу юм бэ. Прокурор, цагдаагийнхан хүртэл дээрээс чиг авна гэх юм. Би энд ирээд нэг сар болж байна. Гэхдээ нэг юманд дургүй хүрээд байна. Энд байгаа хүмүүсээс, надаас муу нөхөд “Дээр” байгаад бухимдах юм.

Хүчин хийдэг, хүн элбэ­дэг, баавгайн бамбарууш бууддаг нөхөд хажуу өрөөнд байвал тайвшрах байлаа гэж. Би эхнэртэй, “ааваа” гээд гүйгээд ирдэг үр хүүхэдтэй хүн. Түүнээс биш хүүхдээ хаяад зугтаадаг “новш” биш. Би амьдралд хайртай хүн. Гэр бүлээ тэжээх гэж зүтгэж яваа та нарын адил эр хүн. Өглөө босоод яаж хүн зодох вэ, хүчин хийх вэ, сайд дарга болж “Муусайн гуйлагчингуудын дээрээс шээх вэ” гэж боддог адгийн шаар биш.

Түүнд эцэг эхээ асрах, гэр бүлээ тэжээх хэрэг алга. Намайг хүн биш гэж нотлох гэж байгаа та бүхний ажил амжилттай хэрэгжсэн гэдгийг хэлье. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өө­рийн телевиз, радио, со­­­нин, сайттай хүн. 

Түү­нээс гадна “хар” хэнээс авахуулаад таны төлөө зүрхээ өгөхөд бэлэн хэв­лэлийн “Матрасовууд”-тай шүү дээ. Цохиод авахаас илүү хэвлэлийн дайралт хэ­цүү байдаг юм байна. Үүнийг чинь мэдэрлээ. Дайн тулаанд хэрэгтэй гээд зэвсэг бэлдээд байсны учрыг сая л ойлгов. 

Намайг шүүрэн шанага шиг хэвлэлээр буудсан эрхэм гишүүний сэтгэл өөдрөг байх болтугай. Гэхдээ бид хоёр шүүх дээр уулзах байлгүй дээ. Тэр үед таньд хайртай, өмнөөс нь уурладаг, бухимддаг, хэвлэлүүд бас л над руу дайрах байх. Гэхдээ би бууж өгдөг хүн биш. Тэр тусмаа надаас муу хүний өмнө бол тэр сайдын хэлсэнчлэн “Үгүй л гэнэ дээ” 


461 дүгээр хорих ангид цагдан хоригдож буй Ганбаатарын Нямдорж 
2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд

Зураг