Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Алтантуяагийн өмгөөлөгч Карпал Синх амиа алджээ

Б.Уран
2014 оны 4 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Карпал Синх

-Алуурчдыг сулласан шийдвэрийг эсэргүүцсэн шүүх хурал зургадугаар сард болох байв-

Малайзын парламентын хүндэт гишүүн, ардчиллын тууштай тэмцэгч, сөрөг хүчний “Democratic Action Party” намын лидер Карпал Синх уржигдар шөнө автомашины ослоор амиа алджээ. Тус улсын хойд муж болох Перак улсын нутаг дэвсгэрт орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн орчимд ачааны машин түүний сууж явсан машины араас мөргөжээ. Карпал Синх болон түүний бие хамгаалагч газар дээрээ амиа алдаж, хүү Рам Синх  нь тун хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак Турк улсад айлчилж байгаа бөгөөд твиттерт “Би дөнгөж Анкарад газардсан даруйдаа энэ мэдээг сонслоо. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж бичжээ. Хэдийгээр зам тээврийн осол ч Карпал Синх нь улс төрийн нөлөө бүхий тэмцэгч хүн байсан учир цаана нь ямар нэг шалтгаан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Түүнчлэн Карпал Синх  найман жилийн өмнө Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт өдийг хүртэл өмгөөлөгчөөр  ажиллаж байсан юм. Энэ хэргийн шүүх хурал хоёр удаа болж Ш.Алтантуяаг гардан хороосон хоёр цагдаад цаазаар авах ял оноосон ч өнгөрсөн наймдугаар сард болсон давж заалдах шүүх хурлаас суллах шийдвэр гарсан билээ. Карпал Синх энэ шийдвэрийг эсэргүүцэж Холбооны шүүхэд хандаад байсан ба шүүх хурал нь ирэх зургадугаар сард болох байжээ.

Парламентад хамгийн удсан улстөрч учраас чуулганы танхимд тусгай суудалд суудаг байжээ. Түүнийг шударга ёсны дуу хоолой гэж Малайзын ард түмэн хүндлэн дээдэлдэг аж.

КАРПАЛ СИНХ ГЭЖ ХЭН БЭ?

Тэрээр 73 настай, Малайзын сөрөг хүчний ахмад парламентч байв. Түүнийг насан туршид нь тэмцэгч гэсэн нэр дагаж байсныг хэвлэлүүдэд онцолжээ.

Зүүн өмнөд Азид “Арслан” хоч авсан тэрээр Малайзын парламентын хүндэт гишүүн байжээ. Тэрээр 2005 онд автомашины осолд орж хоёр хөл, хоёр гар нь мэдээгүй болсны улмаас тэргэнцэр дээр суух болжээ. Баруун гар нь бага зэрэг хөдөлж үлдсэн нь түүнийг үйл хэргээ үргэлжлүүлэх боломжийг олгосон гэж олон нийт дүгнэдэг байна.

Карпал Синх нь 1970 онд “Democratic Action Party” намд элсч, 1978 онд Малайзын парламентад сонгогдсон байна. Парламентад хамгийн удсан улстөрч учраас чуулганы танхимд тусгай суудалд суудаг байжээ. Түүнийг шударга ёсны дуу хоолой гэж Малайзын ард түмэн хүндлэн дээдэлдэг аж. “Бид шударга ёсны төлөө тууштай тэмцэгч нөхрөө, хамтрагчаа алдлаа” хэмээн Малайзын сөрөг хүчний лидер Анвар өчигдөр өглөө мэдэгдсэн юм.

Оюутан байхаасаа эхлэн төр засгийн бурангуй үйлдлийг тууштай эсэргүүцэж, түүнийхээ төлөө цөллөгөт хүртэл явж байсан тэрээр хамгийн нэр хүндтэй, олон түмэнд хэрэгтэй хүн байсныг олон нийтийн мэдээллийн агентлагууд онцолсоор байна.

Зураг