Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс-Таван толгой” ХК 79.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн үү

ikon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанд төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийжээ.

Стратегийн ач холбогдол бүхий Тавнтолгойн нүүрсний орд газарт олборлолт хийж буй “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үй ажиллагаа болон санхүүгийн өнөөгийн байдал, хятадын “Чалко Трэйдинг Лимитэд” компанийн өрийг хэрхэн барагдуулж байгаа талаар мэдээлэл хийх болсон нь Байнгын хорооны хуралдааныг хаалттай хаалганы цаана хуралдахад хүргэжээ. Хаалттай хуралдсан хуралдааны маргааш өдөр тутмын зарим хэвлэлд тус компани 79.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар мэдээлэл гарсан.

Харин бидний баттай эх сурвалжаас олж авсан мэдээллээр бол “Эрдэнэс-Таван толгой” ХК өнгөрсөн онд үндсэн үйл ажиллагаанаасаа 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Алдагдал гээд байгаа 79.3 тэрбум төгрөг ханшийн алдагдал юм байна. Учир нь,манай улсад мөрдөгдөж байгаа Санхүү нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд“тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага тайлан блансаа төгрөгөөр тооцон гаргана” гээд заасан байдаг аж.

Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК Хөгжлийн банк болон арилжааны банкиудаас зээл авч байх үед нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо энэ ханш 20 хувиар буюу нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байгаа нь эл алдагдлын эх үүсвэр болжээ. Хуульд зааснаар тайлан балансаа төгрөгөөр гаргахын тулд ам.долларыг төгрөгт шилжүүлэх хэрэгтэй.

Гэтэл ноён долларын ханш тухайн үеийн ханшаас 300-400 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Валютын ханшийн энэ өсөлт нэг ам.долларын төгрөгтэй харьцах харьцааг 300-400 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бодит бус хэрэгжээгүй ханшийн алдагдлыг үүсгэчихэж.

Гэхдээ эл алдагдлыг “Эрдэнэс-Таван толгой” ХК хүлээхгүй байх бүрэн боломжтой юм байна. Учир нь Хөгжлийн банкнаас зээлсэн 200 ам.долларыг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргачихсан.

Арилжааны бусад банкиудаас авсан зээлийн хэмжээ бага, хугацаа нь 1-2 жилийн дараа дуусна. Тус компанийн орлого ам.доллараар хийгддэг.Тухайн үед ноён долларын ханш хэд байхыг хэлж мэдэхгүй. Магадгүй ханш нь буурч эсрэгээрээ “Эрдэнэс-Таван толгой” ХК-нд ашигтай байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Энэ мэт зүйлийг бодит талаас нь харвал “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Тус компанион гарсаар зургаан худалдан авагчтай 4.25 сая тонн нүүрс борлуулах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Мөн бэлэн бүтээгдэхүүнээсээ олох орлогоосоо Чалкогийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж 56 орчим сая ам.долларын үлдэгдэлтэй үлдэх тооцооллыг ч гаргажээ. Ямартай ч “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

Г.Анар