Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ИНТЕРНЭТ БОЛОВСРОЛД: Интернэтийн “амьгүй албатууд”

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Монголчууд интернэттэй танилцаад 20 орчим жил болох гэж байна. Энэ хугацаанд интернэт нь ус цахилгаан шиг чухал хэрэгцээ болсон гэхэд хилсдэхгүй байх.

Тэгвэл өнөөдөр бид интернэтийн “амьгүй албатууд” буюу botnet-ын тухай ойлголт өгөхөөр бэлдлээ.

Botnet гэж юу вэ?

Энэ нь “robot” болон “internet” гэсэн үгнүүдийн дундаас үүсгэсэн зохиомол үг.

Интернэтийн орон зайд тодорхой үүрэг гүйцэтгэхээр програмчлагдсан систем юм. Энэ нь дотроо сайн эсвэл муу зорилготой гэж хуваагдана.

2013 оны судалгаагаар дэлхийн нийт интернэт урсгалын (traffic) 40 хүрэхгүй хувийг хүмүүсийн үүсгэсэн урсгал эзэлдэг байна. Харин үлдсэн 60 орчим хувийг хүмүүс биш bot-ууд үүсгэж байна.

Энэ 60 хувийг дахин нягталж харвал тал нь “сайн”, тал нь “муу” зорилгын үүднээс бий болсон урсгалууд байгаа ажээ.

Дэлхийн интернэт урсгалын бүтэц (Эх сурвалж: Statista)

Тэгвэл bot-ын “сайн” урсгал гэж юу вэ?

Үүний ихэнх нь хайлтын систем (search engine) үүсгэж байгаа урсгалууд. Google, Yahoo мэтийн хайлтын системүүд дэлхий даяар ажиллаж байгаа бүх вебсайтуудын контентуудын өөрчлөлтийг шалгаж, индексжүүлэх ажиллагааг тасралтгүй явуулж байдаг. Ингэснээр таны хайлтын үр дүн маш хурдан илэрдэг гэж ойлгож болно.

Энэ бол Google зэрэг хайлтын серверээс бусад вебсайтууд руу хандаж байгаа автомат урсгал.

Харин “муу” буюу сөрөг bot-уудын урсгал гэж юу вэ?

Энэ нь хакеруудын зориуд зохион байгуулсан буруу зорилгоор үүсгэж байгаа урсгал. Энэ үйл явц хэрхэн явагддаг вэ?

Botnet хэрхэн ажилдаг вэ? (Эх сурвалж: Wikipedia)

     1.   Хакерууд эхлээд вирус хэлбэрээр тусгай программаа хүмүүсийн компьютерт халдаана

     2.   Аль болох олон компьютерт халдсанаар хакер нь олон компьютерыг эзэнд нь мэдэгдэлгүй удирдах боломжтой болно гэсэн үг. Ингэсэн компьютеруудыг “зомбинууд” ч гэдэг.

     3.   Үүний дараа хакер нь хэн нэгнээс мөнгө авч захиалга авна.

     4.   Ингээд хакер нь захиалгат үйлдлийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр “зомби” компьютеруудад комманд өгч гүйцэтгүүлнэ.

Зорилго нь аль нэг сервер руу “зомби”компьютеруудаас довтолгоо үүсгэх, сурталчилгаа спам тараах, хиймэл ачаалал, урсгал үүсгэх зэрэг.

Дэлхий дээр хамгийн том botnet нь 30 сая “зомбитой” байжээ.

Өөрийн компьютерээ “зомби” болгохгүйн тулд антивирусны програм суулгаж, байнга шинэчлэлт хийж байх хэрэгтэй.

Нэг жишээ татахад хэн нэгэн өөрийн вебийн хандалтыг өсгөхийн тулд мөнгө төлж bot-уудын урсгалыг өөрийн веб рүү үүсгүүлж болно. Дэлхийн хаа нэгтээ байгаа хэн нэг хүний компьютер эзнээ мэдээгүй байхад уг сайт руу зочилж хандалт үүсгэж байгаа гэсэн үг.

Ийм үйлчилгээ үзүүлдэг botnet-үүд интернэтэд олон бий. Өдөрт хэдэн “зомби” хэрэглэгчээс хандалт үүсгэх вэ гэдгээсээ хамаараад үнэлгээтэй байдаг.

Ингэж вебсайтаа олон хандалттай болгож харагдуулах замаар үнэ хүргэж зарах, эсвэл сурталчилгааны гэрээ байгуулах зэрэг луйвар хийж болно.

Тэгвэл вебсайтыг юунд нь итгэж үнэлэх вэ?

Энэ бол цэвэр таны хувийн үзэмж, итгэл үнэмшлийн асуудал. Хийц дизайн, өнгө үзэмж, агуулгын чанар, ашигласан технологи, зах зээлд байршсан брэнд, нэр хүнд зэрэг олон үзүүлэлтээр нь үнэлэх нь хамгийн зөв, найдвартай арга болно.